Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Шатахуун импортлогчдыг сард нэг удаа шалгана

Ашигт малтмал газрын тосны газраас (АМГТГ) өнөөдөр /2022.1.12/ шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд шалгалт явууллаа.

Улаанбаатар хотод газрын тос борлуулах зөвшөөрөл бүхий 24 аж ахуйн нэгж байдаг бөгөөд шатахууны нөөцийн мэдээллээ Мягмар гариг бүр эрх бүхий байгууллагуудад цахимаар ирүүлдэг ажээ. Энэ мэдэлэл нь бодит эсэхэд хяналт тавихаар өнөөдрийн шалгалтыг хийж байгаа юм. Авто бензин, дизель түлшинд улиралд нэг удаа шалгалт явуулах журамтай ч иргэдээс ирж буй гомдлын дагуу уг шалгалтыг сард нэг удаа явуулж байхаар болжээ.

АМГТГ-аас өгч буй мэдээллээр улсын хэмжээнд ердийн хэрэглээний шатахууны 30 хоногийн нөөц байгаа аж. Тухайлбал, А80-68 хоног, АИ92-32 хоног, дизель түлш-28 хоног, онгоцны түлш-13 хоногийн нөөцтэй байна.  Мөн “Роснефть”-тэй гэрээтэй 12, “Петро Чайна”-тай гэрээтэй 8 аж ахуйн нэгж байгаа бөгөөд нэгдүгээр сард 117 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор болжээ. Үүнээс улсын хэмжээнд нэгдүгээр сарын 4-10-нд 30362 тонн газрын тосны бүтээгдэхүүн орж  иржээ.

“Сод Монгол” группийн шатахууны агуулахад А80- 422 тонн, АИ92- 196 тонн, АИ95- 515 тонн гээд нийт 3474  тонн газрын тосны бүтээгдэхүүн байгаа гэх мэдээллийг өгсөн бөгөөд шатахууны чанарт эргэлзэх шаардлагагүй гэдгийг онцолсон юм. Мөн “Иргэдийн дунд яригдаад байгаа шиг шатахуунд ус хольсон бол ус нь хүйтэнд савны дор тунаж үлдээд, шатахуун шахах боломжгүй болно. Ус болон бусад төрлийн ямар нэгэн нэмэлт зүйлийг шатахуунд холих боломжгүй” гэсэн юм. 

Р.Ренчин