Хятадын Далианы түүхий эдийн бирж дээр нэг тонн коксжих нүүрсний ханш 2.1%-иар өсч тонн тутамдаа 2310 юань буюу 363 ам.долларт хүрсэн (2022.01.12) байна. Энэ нь Цагаан сарын баярын өмнө гангийн үйлдвэрүүд агуулах дахь нөөцөө нэмэгдүүлэх бодлого барьж байгаа төдийгүй үйлдвэрлэлийн эрчим нэмэгдсэнтэй холбоотой. Нөгөөтэйгүүр зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт харьцангуй хомс байгаагаас үүдэлтэй юм. Цар тахлын нөлөөгөөр Хятадад тээврийн нөхцөл хүндэрч, удааширсны сацуу уурхайн гарц ч буурах болжээ.
Тус бирж дээр лхагва гаригт коксын ханш ч 2.3%-иар өсч 3210 юань/тонн-д хүрсэн байна. Зэрэгцээд 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын ханш Хятадын зах зээлд 129 ам.доллар/тонн-д хүрч өсчээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын дунд үед 85 ам.доллар/тонн-д хүрч буураад байсан төмрийн хүдрийн ханш ийнхүү тасралтгүй өссөөр одоогийн түвшинд очоод байна. Түүнчлэн төмрийн хүдрийн гол нийлүүлэгч улс болох Бразилд хүчтэй аадар бороо орсны улмаас тус улсын зүүн өмнөд хэсгийн уурхайнууд үйл ажиллагаагаа зогсоосноор үнэ өсөх бас нэгэн хүчин зүйл боллоо. Бразил улсын холбогдох албаныхан уурхайнуудын хаягдлын далангийн аюулгүй байдлыг хянах ажлыг зохион байгуулж буй ажээ.
Эх сурвалж: investing.com
Гангийн түүхий эдүүдийн үнэ ийнхүү өсч, дагаад ган бүтээгдэхүүний ханшийг ч нэмэгдүүлж байна. Шанхайн бирж дээр нэг тонн арматур төмрийн үнэ 2.3%-иар өсч 4632 юаньд хүрчээ. Цаашид ган бүтээгдэхүүний үнэ үргэлжлэн өсч магадгүй. Учир нь оны эхний улиралд Цагаан сарын баяр болон Бээжингийн Өвлийн Олимптой зэрэгцээд үйлдвэрүүдийн урсгал засварын ажил таарч байгаа нь нийлүүлэлтийг хумих төлөвтэй байна.
Б. Төгс