Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Нүүрс тээврийн компаниуд болон жолооч нар туйлдаж байгааг сануулав

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэр хийдэг тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл өнөөдөр (2022.01.13) Хилийн боомтын зөвлөлд шаардлага хүргүүлж буйг мэдэгдлээ.

Цагаанхадны суурьшлын бүсэд 30 - 180 хоног тээвэр хийж чадалгүй хүлээлтийн байдалд ажил орлогогүй сул зогсож байгаа жолооч нарт сар шинийн баяраас өмнө боломж олгох шаардлагыг тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.

Хагас жилийн өмнө Цагаанхадыг ногоон бүс болгосон. Ингэхдээ өнгөрсөн оны зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 20-ныг хүртэл Цагаанхад боомтыг түр хааж, дахин “Ногоон бүс” болгон Бөмбөлөг буюу битүүмжилсэн тээврийн баг үүсгэх хэлбэрээр тээвэрлэлтийг зохион байгуулах болсон. Ингээд сарын дотор 6000 жолооч татан авчирч, одоо үүнээс 4600 орчим жолоочийг бөмбөлгийн зохицуулалтад оруулжээ. Жолооч нарыг ерөнхийдөө Монгол гэрт цахилгаангүй, цэвэр усгүй нөхцөлд байрлуулж байгаа нь хүнд нөхцөл байдлыг үүсгэж байна. Гэвч тээвэрчдийг байрлуулах зардал өдөртөө 100-120 мянган төгрөгөөр хэмжигддэг. Энэ зардлыг нүүрс тээврийн аж ахуйн нэгжүүд хариуцаж байна.

Одоогоор Гашуунсухайт боомтоор өдөрт 100 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа нь жолооч нар нэг рейс хийхийн тулд илүү удаан хугацаанд дугаарлах нөхцөлийг үүсгэжээ.  Дугаарласны эцэст хуваарийн дагуу рейс хийх болоход “бөмбөлөг дэлбэрэх” буюу багийн аль нэг гишүүний PCR шинжилгээний хариу эерэг гарч бусад нь бүгд тээвэрлэлт хийх боломжгүй болдог. Ингэснээр хэдэн сараар сунжирсан хүлээлт үүсдэг байна. Гэвч шинжилгээг давтан хийх үед тухайн эерэг гарсан тохиолдол нь  сөрөг гарах нь элбэг байдаг ажээ.

Уг асуудлыг нягтлуулахаар Хилийн боомтын зөвлөлд хандахад тэд төрийн бусад холбогдох байгууллагууд руу бултуулдаг байна. Гэвч үнэндээ экспортын тээвэр гацах нөхцөлийг Цагаанхадад очоод ажиллаж буй ашиг сонирхлын зөрчилтэй төрийн албан хаагч нар болон төрийн удирдлагууд хийж байна. Бөмбөлгийг хэзээ тээвэрт гараад хаашаа явахыг шийдвэрлэдэг субьект бол Хилийн боомтын зөвлөл болохыг тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл учирлалаа.

Нүүрс тээврийн компаниуд тээвэрлэлт хийлгүй хүлээлтийн байдалд шилжсэнээр бүдүүн тойм тооцоогоор өдөрт 640 сая, сард 18 тэрбум төгрөгийн үргүй зардал гаргаж байгаа ажээ. Уг нь нэг удаа рейс хийхэд тухайн компанид нэг машинаас 20 сая төгрөгийн ашиг оногдож, тээврийн жолоочид 8 сая төгрөгийн цалин олгогддог байна. Энэ нь мөнгөн дүнгийн хувьд бага тоо биш бөгөөд хилийн таталтыг шийдвэрлэдэг төрийн байгууллагууд, албан тушаалтнуудын ойрын болон өөрсдийн компаниуд тээвэрлэлтэд байгаа нь ашиг сонирхлын зөрчил бий болгожээ. Өөрөөр хэлбэл зургаан сар тээвэрлэлтгүй хоосон зогсож буй бөмбөлөг байхад сард 3-4 удаа рейс хийж буй бөмбөлөг ч бий ажээ.

Үүссэн нөхцөл байдлыг шийдэхийн тулд Цагаан сар хүртэлх хоёр долоо хоногийн хугацаанд өмнө нь олон удаагийн рейс хийсэн жолооч нарыг гэрт нь буцаагаад тээвэрлэлт огт хийгээгүй жолооч нарт боломж олгох хувилбарыг санал болгож байна. Уг ажлыг Монгол Улсын Шадар сайд С. Амарсайхан Гашуунсухайт боомтод биечлэн ирж газар дээр нь шийдвэрлэж өгөх хүсэлтийг тээвэрчид, тэдний ар гэрийнхний зүгээс илэрхийллээ.

Хилийн боомтын зөвлөлд хүргүүлсэн шаардлагын нөхцөлүүдэд ийн заасан байна. Үүнд:

Нэгт, 60/90 ба 120 хоногоор бөмбөлөгт орж чадаагүй тээвэрчдийн судалгааг жагсаалтаар гаргаж өгөх. Хоёрдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд багтаж нэг рейс хийлгэж цалин орлоготой болгох зохицуулалт гаргах, үүний хэрэгжилтийг хангаж өгөх.

Хоёрт, Ажлын хэсэг нэг ч рейс хийгээгүй компаниудын тээвэрчдийг суларсан бөмбөлөгт шилжүүлж, шинжилгээний хуваарьт оруулж тээвэрт хамруулж компаниудыг үргүй зардлаа нөхөх, Сар шинийн баяраар тээвэрчдийг цалин орлоготой ар гэртээ буцах зохицуулалтыг шуурхай журмаар зохион байгуулах.

Гуравт, Цагаан сарын баярын дараа Бээжингийн Өвлийн олимп хоёрдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ. Залгуулаад Хятадын Коммунист намын хурал зарлагдаад байна. Цар тахлын тархалт нэмэгдсэн нь хилийн таталтыг улам бүр хатуу хязгаарлалтад оруулахаар байгааг төр засгийн зүгээс мэдэгдээд буй тул тодорхой хугацаанд тээвэрчдийг тээвэр хийсэн байдлаар шат дараалан гэрт нь хариулах арга хэмжээг даруй эхлүүлэх.  Ирэх гуравдугаар сараас Ногоон бүст тээврийн шинэ бүтэц зохион байгуулалтыг хийх санал журмыг Хятадын талын нөхцөл байдлын судалгаанд үндэслэн тээврийн компаниуд ТББ, тээвэрчдийн санал судалгаанд суурилан шинээр гаргах.

Дөрөвт, хагас жилийн турш тусгаарлах байраар дамжиж бөмбөлөгт орсон тээвэрчдийг цахим бүртгэлд хамруулж гэрчилгээ олгох, дөрөвдүгээр сараас хилийн таталт нэмэгдэхэд буцаан тээвэрт оруулж өгөх.

Тавд, эдгээр ажлыг Монгол Улсын Шадар сайд С. Амарсайхан Гашуунсухайт боомтод биечлэн ирж ажиллаж боомтын дарга нарт үүрэг даалгавар өгч хэрэгжүүлэх ёстой гэж тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл мэдэгдлээ. 

Хэрэв шаардлагын хариуг өгөхгүй бол маргаашнаас эхлээд тэмцлийн хурц хэлбэрт шилжиж Сангийн яамны өмнө суулт зарлахыг анхаарууллаа.

 

Б. Төгс