Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад Цагаан сараар нефтийн нөөцөөсөө хэрэглэнэ

Нефтийн дэлхийн зах зээлийн үнийг бууруулахын тулд АНУ бусад томоохон хэрэглэгчидтэй хамтран ажиллаж байгаа билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Стратегийн нефтийн нөөцөөс чөлөөлөгдөх” боломжийн талаар олон улстай хэлэлцээ хийж байгаа нь үр дүнтэй байна. Энэ төлөвлөгөөний хүрээнд БНХАУ үндэсний стратегийн нөөцдөө байгаа түүхий нефтийг Цагаан сарын баяраар ашиглахаар тохиролцсон тухай Reuters агентлаг мэдээллээ. Тэгэхдээ нефтийн үнэ баррель нь 85 ам.доллараас дээш байвал илүү их, харин 75 ам.долларт байвал бага хэмжээгээр хэрэглэнэ гэж Бээжингийн эх сурвалж тус агентлагт мэдээлсэн ажээ.

Сүүлийн үед Ливи, Казахстанаас нийлүүлэлт тасалдсан, АНУ-ын түүхий нефтийн нөөц 2018 оноос хойших хамгийн доод төвшинд хүрсэн, олон орны Засгийн газар коронавирусын хязгаарлалтыг сулруулсан нь Европт шатахууны эрэлт нэмэгдэхэд хүргэсэн юм. Нефтийн үнэ нэг баррель нь дунджаар 80 ам.доллараас дээш өсөөд байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ түүхий нефтийнхээ зарим хэсгийг нөөцөөсөө худалдаж эхэлсэн бол Япон, БНСУ ч мөн үндэсний нөөцөөсөө худалдахаар төлөвлөж байгааг шинжээчид онцолжээ. Японы Газрын тосны нөөцийн тухай хуульд өндөр үнийн улмаас нөөцөө борлуулахыг зөвшөөрдөггүй ч Засгийн газар болон хувийн хэвшлийнхэн одоогийн байдлаар хуульд заасан доод хэмжээнээс илүү нөөцтэй байна гэж Японы "Иомиури" сонинд мэдээлсэн байна. Тус улсын эрх баригчид илүүдэл нөөцийн тодорхой хэсгийг гаргахаар хэлэлцэж байгаа бөгөөд энэ нь хууль зөрчихгүй гэж үзэж байгаа юм.
 

Р.Ренчин