Брэнт маркийн газрын тосны ханш өнөөдрийн (2022.01.17) байдлаар 86.47 ам.доллар/баррель болж өсөөд байна. Энэ нь сүүлийн гурван жил гаруй хугацаан дахь хамгийн дээд ханшид тооцогдоно. Зах зээлд голлох олборлогч орнуудын нийлүүлэлт дорвитой хэмжээгээр нэмэгдэхгүй болов уу гэсэн таамаг давамгайлсан нь үнэ өсөх гол шалтгаан болж байна. Нөгөөтэйгүүр цар тахлын шинэ хувилбарын тархалт газрын тосны эрэлтэд төдийлөн нөлөөлөхгүй гэж ОПЕК тооцоолсон байна. Цар тахлын шинэ хувилбарын болгоомжлол намжиж, улс орнуудад хязгаарлалтууд цуцлагдаж, зэрэгцээд газрын тосны нийлүүлэлт бага байх аваас ханш олон жилийн дээд түвшинд хүрч болзошгүйг шинжээчид сануулж байна.
Эх сурвалж: investing.com
Энэ сарын 4-нд болсон нефть экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК болон түнш орнуудын уулзалтаар (OPEC+) ирэх хоёрдугаар сард тус байгууллагын гишүүн орнууд газрын тосны гарцаа 400 мянган баррель/өдөр-өөр нэмэгдүүлэхээр болсон юм. Гэхдээ шинжээчдийн хувьд газрын тос үйлдвэрлэгч жижиг орнууд гарцаа зорилтот хэмжээнд хүргэж өсгөж чадахгүй байх магадлалтай төдийгүй тос олборлогч томоохон орнууд цар тахлын шинэ хувилбарын тархалтаас үүдэн нийлүүлэлтээ төдийлөн өсгөхгүй байх бодлого баримтлах хувилбарыг үгүйсгэхгүй байна. Тус байгууллагын хувьд өнгөрсөн арав болон арваннэгдүгээр сард олборлолтоо зорилтот хэмжээгээр нэмэгдүүлж чадаагүйг Олон улсын эрчим хүчний агентлаг анхааруулжээ.
Үүний зэрэгцээ АНУ болон ОХУ-ын хооронд Украины асуудлаар хурцадмал байдал үүсээд байгаа нь цаашид газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт буурч болзошгүй нөхцөл байдлыг бүрдүүлж байна.
Гэхдээ АНУ, Хятад тэргүүтэй томоохон хэрэглэгч улс орнууд газрын тосны ханшийг бууруулах чиглэлд хөдөлж эхлээд байгаагийн нэг илрэл нь улсын нөөцөөс нийлүүлж эхлэх явдал юм. Гэсэн ч яг одоогийн байдлаар газрын тосны ханш өссөн хэвээр байна.
Олон улсын банк санхүүгийн байгууллагуудын дунд ханшийн таамаглалын хамгийн өндөр дүнг дэвшүүлж буй төлөөлөл бол “JPMorgan”, “Morgan Stanley” юм. Тодруулбал “JPMorgan” энэ онд газрын тосны ханш 125 ам.доллар/баррель-д хүрэх боломжтой гэж үзжээ. “Morgan Stanley” банкны тухайд энэ оны гуравдугаар улиралд газрын тосны ханш 90 ам.долларт хүрч болзошгүй гэж таамаглажээ.
Дэлхий дахинд үнийн өсөлт дээд хэмжээнд хүрээд байгаа энэ үед газрын тосны ханш дээшлэх үзэгдэл нь байдлыг бүр дордуулах нь тодорхой юм. Гэхдээ олонхи судалгааны байгууллагуудын тооцоолж буйгаар энэ онд Брэнт тосны дундаж ханш баррель тутамдаа 70 гаруй ам.долларт хэлбэлзэхээр байгаа юм.
Б. Төгс