Зам тээвэр, хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Боомтын зөвлөлөөс Замын-Үүд-Эрээн чиглэлийн боомт дахь ачаа тээврийн асуудлаар өнөөдөр /2022.1.18/ мэдээлэл хийлээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга “КОВИД-19-ийн тархалттай холбоотойгоор БНХАУ нь аравдугаар сарын 13-наас хилээр нэвтрэх ачаа тээврийг зогсоосон. Арваннэгдүгээр сарын сүүлээр БНХАУ-ын талаас ачаа тээврийг чингэлгээр тээвэрлэх санал тавьсан. Энэ дагуу бэлтгэлээ хангаад, тээвэрлэлтийг эхлүүлээд 7 хонож байна. Мөн Шадар сайдаас өгсөн үүргийн дагуу Мягмар болон Баасан гаригт боомтоор гарах ачаа тээврийн талаар мэдээлэл өгч байхаар боллоо.
Ерөнхий сайдын 196 дугаар захирамжаар экспортыг нэмэгдүүлэх, боомтуудыг шуурхай зохион байгуулалтаар хангах ажлын хэсэг Шадар сайдаар ахлуулан ажиллаж байна. Энэ хүрээнд дэд ажлын хэсэг байгуулагдаад найм дахь хоног дээрээ ажиллаж байна.
Ачаа тээвэр энэ сарын 11-нд эхэлсэн. Эхний өдөр 24 чингэлэг ачаа нэвтрүүлж байсан бол одоо 65-69 чингэлэг болсон. Бид халдвар хамгааллын горимыг нарийн чанд зохион байгуулж чадвал ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн болох боломжтой байгаа. Зохион байгуулалтын тухайд, чингэлгийг хилийн “0” цэгээс ложистикийн төв хүртэл, 3 км орчим газарт зэвсэгт хүчний албаныхан тээвэрлэж байгаа. Тэндээс Улаанбаатар хот хүртэл жолооч нар тээвэрлэж байгаа. Үнэ өртгийн тухайд хуучин үнэ хүртэл буюу 3-3.5 сая төгрөг болтол буурсан” гэлээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “Замын-Үүдэд 5000 орчим жолооч бүртгэлтэй байдаг. Хятадын талаас тавьсан шаардлагын дагуу монгол жолооч нараа тусгаарлалтад оруулаад тээвэр хийлгээд явах гэж оролдсон ч хариуцлагагүй байдлаас болоод халдвар хамгаалал алдагдаж, Хятадын тал хилээ хааж, тээвэрлэлт 3 сар зогссон. Энэ удаад Хятадаас тавьсан саналын дагуу Зэвсэгт хүчнээс тусгай зориулалтын, мэргэшсэн жолооч нарыг гаргаад тээвэрлэлтийг явуулж байгаа. Харин Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээвэр хийх боломж нээлттэй байгаа. Зөвхөн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн хилийн цэг дээр 3 км газарт л тээвэр хийх тусгай хүмүүсийг ажиллуулж байгаа. Жолооч нар Улаанбаатар руу, орон нутаг руу тээвэр хийх боломж нээлттэй” гэсэн юм.
Авто тээврийн үндэсний төвийн Ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбат “КОВИД-19 гарсан цагаас эхлэн экспорт, импорт доголдсон. Одоогоор тээвэр хийхээр 5700 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Гэхдээ яг ийм онцгой нөхцөлд бид 5,700 жолоочийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулахаас илүү цөөн тооны буюу 50 жолоочийн халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахиулаад улс хоорондын тээвэрлэлтийг тасралтгүй, хэвийн явуулах нь чухал байна.
Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг зөвхөн Замын-Үүд боомт гэлтгүй бүх боомтоор импорт, экспортын ачаа тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Тухайлбал, одоогоор Гашуунсухайт-Ганцмод боомтоор бараа материал цөөн хэмжээгээр орж ирж байна. Хятадын талаас халдварыг хяналтдаа ав гэсэн шаардлагыг тавьж байгаа. Одоогоор тоонд хязгаарлалт тавьж байгаа болохоор асуудал үүсч байна. Хэвийн үед Замын-үүдээр өдөрт 70-80 тонн ачаа орж ирдэг байсан. Үнийн хөөрөгдлийн эсрэг дорвитой арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, “0” цэгээс гаалийн хяналтын талбай хүртэлх зардлыг улс хариуцаж байгаа, Ложистикийн төвөөс Улаанбаатар хүртэлх нь хуучин жишгээр явж байгаа. Цар тахлаас өмнө байсан ханшаар байгаа. 3-3.5 сая гэдэг бол жолооч хөлслөөд тээвэрлүүлж байгаа хөлс. Харин компани өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэвэл зардал нь 2 сая орчим төгрөг болж байгаа” гэлээ.
Р.Ренчин