АНУ-ын батлан хамгаалахын гэрээлэгчдийг 2026 он гэхэд Хятадаас газрын ховор элемент худалдаж авахыг зогсоож, стратегийн ашигт малтмалын байнгын нөөцийг бүрдүүлэх агуулгатай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Сенатад өргөн барьсан нь олны анхаарлыг татаж байна.
Арканзас мужаас сонгогдсон сенатч Том Коттон, Аризона мужаас сонгогдсон Марк Келли нарын санаачилсан уг хуулийн төсөл нь Хятад улсын энэ салбар дахь давамгайллыг хянах зорилготой АНУ-ын багц хууль тогтоомжийн нэг юм гэж “Miningweekly”-д бичжээ. Энэ нь үндсэндээ газрын ховор элементийн үйлдвэрлэлийг сэргээх АНУ-ын бодлогын тод жишээ гэж ажиглагчид үзэж байна.
Газрын ховор элемент нь үелэх системд нэгэн дор байрладаг 17 элементээс тогтсон нэгдэл бөгөөд боловсруулсны дараа цахилгаан машин, зэр зэвсэг, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэхэд ашигладаг. Дэлхийн II дайны үеэс эхлэн АНУ энэ салбарт тэргүүлж байсан бол Хятад улс сүүлийн 30 жилийн хугацаанд энэ салбарыг бүхэлд нь хянахын тулд эрчимтэй ажиллаж байгаа юм.
Сенатч Коттон Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа газрын ховор элемент олборлолт, боловсруулалтын хувьд Хятадаас хараат байдлыг зогсоох нь АНУ-ын батлан хамгаалах, технологийн салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж онцолжээ.
Олон төрлийн дахин цэнэглэгддэг батерейг газрын ховор элементийн нэгдлээр хийдэг. Дахин цэнэглэгддэг батерейны хэрэгцээ нь гар утас, компьютер, зургийн аппарат зэрэг цахилгаан барааны эрэлт хэрэгцээ өссөнтэй холбоотойгоор асар нэмэгджээ. Хятад улс газрын ховор элементийн 95%-ийг дангаар олборлодог байна.
Газрын ховор элементийн гол хэрэглэгчид нь Япон, АНУ юм.
Р.Ренчин