Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Дэлхийн эдийн засгийн чуулган”-ы цахим хурлаар 2022 оны төлөвийг хэлэлцэж байна

Швейцарийн Давос хотноо жил бүр зохиогддог "Дэлхийн эдийн засгийн чуулган" энэ удаад цар тахлын шинэ хувилбарын улмаас танхимын хурлаа оны сүүл хүртэл хойшлуулсан. Тэгвэл "Дэлхийн эдийн засгийн чуулган"-ы зүгээс "Davos Agenda" цахим хурлыг хоёр дахь жилдээ зохион байгуулж (2022.01.17-21) байна. Энэ удаагийн арга хэмжээ "Дэлхийн нөхцөл байдал" сэдвийн дор болж байна. Ингэснээр уг арга хэмжээ нь дэлхийн удирдагч нарын хувьд энэ оны төлөвийг тодорхойлж, санал бодлоо солилцсон анхны арга хэмжээ болж байгааг чуулганыг зохион байгуулагчид тодотгожээ.

Хурлын голлох сэдэв нь аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал дахь технологийн хамтын ажиллагаа, вакцины хүртээмж, эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх инноваци, дэлхийн худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний итгэлцлийг сэргээх, дэлхийн эдийн засгийн төлөв байдал болон ирээдүйд бэлтгэх зэрэг болно.

Дэлхий нийтийн тухайд цар тахлын эсрэг вакциныг богино хугацаанд гаргаж авсан нь шинжлэх ухааны гайхалттай ололт байсан ч хүртээмжтэй хуваарилах тухайд асуудалтай тулгараад буй юм. Энэ нь гагцхүү эрүүл мэндийн сөрөг асуудлыг дагуулаад зогсохгүй эдийн засгийн тогтворгүй байдал, геополитикийн хурцадмал байдалд хүргэж байна. Нөгөөтэйгүүр цар тахлын шинэ хувилбарууд гарч ирж байгаа нь эдийн засгийн сэргэлтийг удаашруулах болсон. Иймд цаашид энэхүү асуудлыг оновчтой шийдвэрлэхэд дэлхийн улс орнууд, тэргүүлэгчдийн хамтын ажиллагаа хамгийн чухал болохыг хурлаар онцолж байна.

Энэ онд цар тахлын нөлөөлөл намжина гэж бүгд найдаж итгэж байгаа ч үүний дараа уур амьсгалын өөрчлөлтөд анхаарах, нийгмийн нэгдмэл байдлыг дахин бүрдүүлэх зэрэг асуудлууд хүлээж байна. Эдгээрийг шийдэхэд дэлхийн удирдагч нар шинэ загвар нэвтрүүлж, урт хугацаагаар харж, хамтын ажиллагаагаа шинэчилж, системтэйгээр хөдлөх хэрэгтэй гэж Дэлхийн эдийн засгийн чуулган”-ыг үндэслэгч Клаус Шваб мэдэгджээ.

Хуралд Хятад, Энэтхэг, АНУ, Герман, Япон, Австрали, Индонез, Европын Комисс, Израиль гэх мэт олон орны тэргүүн, удирдах шатны төлөөлөгч нараас гадна НҮБ, ОУВС, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын эрчим хүчний агентлаг болон бусад байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл оролцож байна.

 

Б. Төгс