Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Алтанбулаг- Замын-Үүдийн хурдны замын тендерийг зарлана

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2022.1.19/ ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа.  

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зам тээвэртэй холбоотой 2 гол асуудлыг хэлэлцлээ.

Нэгдүгээрт, төмөр замын төслүүдийг цаашид хэрхэн явуулах талаар хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2013 онд гаргасан 28 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, тогтоол батлагдсан. 2013 онд гаргасан Монгол Улсад хэрэгжих төмөр замын бүртээн байгуулалтын ажлууд, 2010 онд гаргасан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт дурдагдсан 1, 2- дугаар шатны ажлуудыг барих, ашиглах, шилжүүлэх концессыг “Монголын төмөр зам” ТӨХК-нд олгосон тогтоол байсан. Өнөөдөр уг тогтоолын биелэлтийг ярилцаад Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт хэрэгжүүлэхээр заасан ажил болон Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтад тусгасан Монгол улсын Баруун босоо чиглэлийн төмөр зам болон Зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр “Монголын төмөр зам” ТӨХК-д үргэлжлүүлэн олгож, үйл ажиллагааг эрчимжүүлэх шийдвэрийг гаргалаа.

Баруун босоо чиглэлийн төмөр замын тухайд Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км орчим төмөр зам, Зүүн босоо чиглэлд Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлд нийт 420 км орчим төмөр зам баригдахаар төлөвлөгдөж байгаа. Засгийн газрын өнөөдрийн шийдвэрээр “Монголын төмөр зам” ТӨХК гаднын болон дотоодын хөрөнгө оруулагч, мөн тус төмөр замуудын чиглэлийн дагуу байгаа уул уурхайн ашиглалтын болон хайгуулын лиценз эзэмшдэг компаниудтай хамтран уг төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргалаа. Төслийн үр дүнд 4700 км орчим төмөр замын сүлжээ бий болно. Үүний 2725 км орчим нь шинээр нэмэгдэх юм.

Түүнчлэн 2022 оны эхний хагаст багтаан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийг эхлүүлнэ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, Богдхан төмөр замыг бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Улаанбаатар төмөр замын суурь бүтцийн шинэчлэлийн асуудал зэргийг үргэлжлүүлээд явна.

Хоёрдугаарт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто замын тухай асуудал. Өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд олон улсад нээлттэй тендер зарлахаар боллоо. Өмнө нь энэ чиглэл дээр нэг бус удаагийн тендер зарлагдаж, 2015 онд гүйцэтгэгч нь шалгарч байсан ч, гүйцэтгэл тааруу байсан тул гэрээ цуцлагдаж байсан удаатай. Энэ бүхнийг бодолцоод хурдны зам дээр олон улсын нээлттэй тендер зарлах нь зөв гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор Төрийн худалдан авах ажиллагааны газар ойрын хугацаанд тендерийн материалыг боловсруулж, тендер зарлагдана. 2020 онд Монголын авто замчдын холбооноос санаачилж, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын техник эдийн засгийн урьдчилсан тооцоог гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газарт танилцуулж байсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр зарим гишүүдээс санал гарсан. Ачааны замын урсгалыг нэмэх шаардлагатай гэсэн санал гарсныг Монголын авто замчдын холбоонд чиглэл болгон өгсөн. 2022 оны хоёрдугаар сарын 15-ны дотор олон улсын тендер зарлах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.

Гуравдугаар сарын 1 гэхэд тендерүүдийг эхлүүлэх үүрэг өглөө

Сангийн сайд Б.Жавхлан:

-2022 оны төсөв батлагдаад 65 хонож байна. Энэ хугацаанд Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа материал худалдан авах хуулийн хүрээнд тендерийн үйл явц ямар байгааг Засгийн газарт танилцууллаа. Нэгдүгээр сарын 18-ны байдлаар энэ жил батлагдсан 3.1 их наяд төгрөгийн өртөг бүхий 717 төслийн хөрөнгө оруулалтаас одоогийн байдлаар 19.5% -ийн гүйцэтгэлтэй буюу 140 тендерийг зарлаад байгаа нь хангалтгүй гэж үзсэн. Тиймээс төслийг ерөнхийлөн захирагч нар  болон тендер зарлан зохион байгуулагчдад гуравдугаар сарын 1 гэхэд тендерийг эхлүүлсэн байх хатуу үүргийг өглөө. Нийт зарлагдах 717 тендерийн 50% нь буюу 342-ыг нь аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлсэн байгаа. Тиймээс аймаг, нийслэлийн Засаг дарга нар дурдсан хугацаанд тендерийг эхлүүлэх ёстой. Хуулиараа төсөв батлагдмагц тендер зарлагдах боломжтой.

Р.Дулам