Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Оросын байгалийн хий газрын тосноос илүү эрэлттэй

Оросын байгалийн хийн экспортын орлого 2021 оны дөрөвдүгээр улиралд 18.5 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа газрын тосны экспортын орлогоос давсан үзүүлэлт боллоо хэмээн тус улсын Төв банк мэдээлснийг "Интерфакс"-т эш татан бичсэн байна.

Европт өнгөрсөн оны намраас эхлэн байгалийн хийн үнэ өмнө нь байгаагүйгээр нэмэгдэж газрын тосноос илүү эрэлттэй болсон. Халаалтын улирал эхлэхтэй зэрэгцэн байгалийн хий хаврынхаас 4 дахин үнэтэй болжээ. Улирлын дүнгээр экспортын хэмжээ 1.6 дахин өссөн бол газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн ердөө 1 хувиар өссөн байна.

Үүнтэй төстэй байдал 2008 оны дөрөвдүгээр улиралд болж, газрын тосны экспортын хэмжээ мөнгөн дүнгээр 42%-иар буурч байсан юм. Тэр үед дэлхийн санхүүгийн хямрал болсон нь газрын тосны бүтээгдэхүүний эрэлтийг бууруулж байсан ажээ.

2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээс харахад ОХУ-ын экспортын орлогын 14%-ийг байгалийн хийн экспорт бүрдүүлж байна. Нийтдээ оны эцсийн байдлаар байгалийн хийн экспортын үнэ 2020 онтой харьцуулахад 2.1 дахин (25.7 тэрбум ам.доллар ба 54.2 тэрбум), газрын тосны экспорт 52%, газрын тосны бүтээгдэхүүн 51% өссөнийг тус улсын Төв банк онцолжээ. Цар тахал эхлэхээс өмнөх жил буюу 2019 онтой харьцуулахад 2021 онд Оросын  нийт экспортын хэмжээ 16.7%-иар өссөн байна. Үүнд,  Европт нийлүүлсэн байгалийн хий 31%, шингэрүүлсэн хий 4%, нефтийн бүтээгдэхүүн 3% өсчээ. Харин түүхий нефтийн экспорт 10% буурсан байна.

Р.Ренчин