Сербийн Засгийн газар “Рио Тинто” компанийн тус улсад хэрэгжүүлж буй Jadar литийн төслийн хайгуулын тусгай зөвшөөрлийг (2022.01.20) цуцаллаа. Тодруулбал уг төслийг ашиглахтай холбоотой бүх шийдвэр, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай Засгийн газрын хуралдааны дараа танилцуулжээ. Ингэснээр уг төслийн хувьд бүх зүйл дуусгавар болж буйг тус улсын Ерөнхий сайд, хатагтай Ана Брнабич тодотгожээ. Тус улсад өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээс эхлэн олон нийт, ногоон хөдөлгөөнийхөн төслийг эсэргүүцэж жагсах болсон юм. Улмаар төсөлд шаардлагатай газрын зөвшөөрлийг олгохоос орон нутгийн (Лозница хотын) захиргаа татгалзсан бол одоо тус улсын Засгийн газар тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Ийнхүү төслийн тусгай зөвшөөрлийг цуцлахад байгаль орчны хөдөлгөөнийхний хүсэлт шаардлага гол түлхэц болсон байна. Сайд Ана Брнабич компанийг орон нутагт төслийн талаар хангалттай мэдээлэл өгөөгүй гэж буруутгажээ.
"Рио Тинто"-ийн тухайд уг шийдвэрийн хуулийн үндэслэлийг судалж буйгаа илэрхийлсэн байна. Компанийн зүгээс төслийн ашиглалтад оруулах хугацааг нэг жилээр хойшлуулж буйгаа энэ долоо хоногт мэдэгдсэн. Хэрэв 2.4 тэрбум ам.долларын уг төсөл хэрэгжвэл “Рио Тинто” компанийг лити олборлолтын томоохон тоглогчийн тавцанд аваачих байв. Өнөөдрийн байдлаар "Рио Тинто" компанийн хувьцаа Австралийн хөрөнгийн бирж дээр өчигдрийн хаалтын ханштай харьцуулахад 4.4%-иар буурч 108.5 австрали долларт хүрээд байна.
"Рио Тинто"-ийн Австралийн хөрөнгийн бирж дэх хувьцааны ханш
(австрали доллараар) /2022.01.21/
Тус улсад ирэх дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч болон парламентийн гишүүдийг сонгох сонгууль болно. Саяхан тус улсад болж өрнөсөн томоохон жагсаалын үеэр иргэд Засгийн газрыг бүрмөсөн шинэ хүмүүсээр солихыг уриалж байсан нь ийнхүү тус улсын удирдагч нарыг аливаа хүсэлтэд илүү чих зөөлөн хандахад нөлөөлсөн байж болох юм.
Б. Төгс