Оюутолгойн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани далд уурхайн огтлох малталтыг эхлүүлэхээр болсон тухай (2022.01.24) мэдээллээ. Өөрөөр хэлбэл компани Засгийн газар болон Оюутолгойн ТУЗ-тэй төслийн хувьцаа эзэмшигчдэд, тэр дундаа монголчуудад оногдох өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд нэгдсэн ойлголцолд хүрч чадсанаар далд уурхайн огтлох малталтыг эхлүүлэх нөхцөл бүрдэж байгааг мэдэгджээ. Үүний үр дүнд ойрын өдрүүдэд далд уурхайн агуйлах ажлыг эхлүүлэх юм байна. Уг шийдвэр гарснаар хуваарийн дагуу далд уурхайн Панел 0 хэсгийн тогтвортой олборлолтыг 2023 оны эхний хагаст багтаан эхлүүлэхийг компани онцолжээ.
“Туркойз Хилл Ресурс” компани хэлэлцээрийн хүрээнд Засгийн газрын 34%-ийн эзэмшилд ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэхээр болсон (үүний 1.4 тэрбум ам.доллар нь Эрдэнэс Оюутолгой компанид оногдох зээл, үлдсэн 1 тэрбум доллар нь хуримтлагдсан хүү). Ингэснээр төслийн өнөөгийн цэвэр үнэ цэнэд 1 тэрбум ам.долларын нөлөөлөл үүсч болзошгүйг компанийн мэдээнд өгүүлжээ (ингэхдээ зэсийн үнийг фунт тутамд 3.43 ам.доллар байхаар тооцсон).
Цаашид төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг бүрдүүлэх тухайд “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс” компани тохиролцоонд хүрсэн байна. 2021 оны эцсийн байдлаар тооцож үзэхэд далд уурхайн бүтээн байгуулалтын төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн хэмжээ 3.4 тэрбум ам.доллараар илэрхийлэгджээ. Энэ нь өнгөрсөн оны есдүгээр сарын тооцоололтой харьцуулахад 200 сая ам.доллараар буурсан дүн юм.
УИХ-ын чуулганаар өнгөрсөн оны эцсээр баталсан 103 дугаар тогтоолын дагуу 2023 оны эхний хагасыг дуустал төсөлд (Оюутолгой ХХК-д) хувьцаа эзэмшигчид болон гуравдагч талаас шинээр зээл авахгүй байх шаардлагыг Засгийн газарт тавьсан. Харин хувьцаа борлуулах, бүтээгдэхүүний урьдчилгаа борлуулалт хэлбэрээр хөрөнгө босгох боломжийг нээлттэй үлдээсэн. Туркойз Хилл-ийн тооцооллоор тус компани 1.5 тэрбум ам.долларыг хувьцааны арилжаагаар босгох шаардлага тулгарч магадгүйг тэмдэглэжээ.
Уг мэдээлэл цацагдсаны дараа “Туркойз Хилл Ресурс”-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн бирж дээр 2.27%-иар буурсан дүр зурагтай байна.
Б. Төгс