Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Хийн хоолойг түшиглэн 1-2 цахилгаан станцыг хийгээр хангах боломжтой

Засгийн газрын өнөөдрийн /2022.1.26/ хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Хийн хоолойн төсөл дараагийн шатанд шилжлээ

Шадар сайд С.Амарсайхан:

-ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг хоёр тал эцэслэн боловсруулж, төслийн дараагийн шатанд албан ёсоор шилжсэн. Төслийн Монголын талын Ажлын хэсгийн ахлагчийн хувьд миний бие өчигдөр /2022.125/ ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй цахим уулзалт хийж, тэмдэглэлд гарын үсэг зурсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг төслийн ТЭЗҮ-ийг хүлээн зөвшөөрч, инженер, техникийн зураг гаргах дараагийн ажилд цаг алдалгүй орох үүргийг өглөө. 2 жил шахуу үргэлжилсэн цар тахлын үед 2 талын ажлын хэсэг хуралдаж 2021, 2022 оны төлөвлөгөөг гаргаж, ТЭЗҮ гарсан. Өнөөдөр албан ёсоор дараагийн шатны ажилд орохоор боллоо. 2024 оноос өмнө үндсэн ажлынхаа төлөвлөгөөг гаргаж, гол ажилдаа орох боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ, БНХАУ-ын Ерөнхийлөгч нартай долдугаар сард утсаар ярихдаа  төслийг эрчимжүүлэх талаар ярилцсан байдаг. 2003 оноос хойш ярьж эхэлсэн энэ ажил хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засаг сайжрах, бүс нутгийн хамтын ажиллагаа, үүргээ нэмэгдүүлэх боломжтой.  

Төслийн бэлтгэл ажил 2024 он хүртэл хийгдэж, 2027 онд бүтээн байгуулалтын ажил хийгдэж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн энэ хүрээнд Монгол Улс хийн хэрэглээнд аажмаар шилжих суурийг тавих үүднээс эхний ээлжид эрчим хүчний дотоодын хэрэгцээг хангах 1-2 цахилгаан станцыг хийгээр хангах боломжтой гэж харж байгаа. Шинээр бий болох, өргөжих хотуудын эрчим хүчийг хийгээр хангах замаар агаарын бохирдлоос салах боломж ч бий. Энэ талаарх тооцоо судалгаа Эрчим хүчний яам дээр хийгдэж байгаа. Энэ судалгааг ОХУ руу явуулна. Нутаг дэвсгэр дээгүүр явж байгаа хийн хоолойн давуу байдлыг бид ашиглах хэрэгтэй. Төсөл хэрэгжсэнээр ОХУ-аас эрчим хүчний хараат болно гэсэн үг биш. Эдийн засаг, нийгэмд өгөх өгөөжийг бодолцох хэрэгтэй.

120 сая ам.доллартай тэнцэхүйц борлуулалтыг авч үлдэж байна

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

-Засгийн газрын хуралдаанаар Оюутолгойн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах ажлын хэсгээс оруулсан гэрээний төслийг хэлэлцэж дэмжлээ. Төсөл дэмжигдсэн болохоор бид 16.00 цагт гэрээг албажуулахаар тохирсон. Оюутолгойн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг албажуулснаар “Оюутолгой” ХХК БНХАУ-аас жилд импортоор авч байгаа 120 сая ам.доллартай тэнцэх хэмжээний борлуулалтыг Монгол Улсын эрчим хүчний салбарт авч үлдэх боломж бүрдэх юм. Гэрээний төслийг хоёр  тал багагүй хугацаанд ярилцсан. Гэрээг “Тавантолгой” дулааны цахилгаан станц, эрчим хүчний салбарын техникийн шинэчлэлийг хийхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахад дэмжлэг үзүүлж чадахуйц үйл явдал боллоо гэж харж байна. Гэрээг 20 жилийн хугацаатай байгуулж байгаа бөгөөд нэгж бүтээгдэхүүний үнэ, жилд худалдан авах эрчим хүчний хэмжээ зэргийг тусгасан.  

Оюутолгойн эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангахын тулд техникийн нэг бус арга хэмжээг авах ёстой. Үүний нэг нь “Тавантолгой” дулааны цахилгаан станц. Энэ станцыг ашиглалтад оруулахад доод тал нь 4 жил шаардлагатай. Бид 2024 оноос Тавантолгой” дулааны цахилгаан станцын эхний блок ашиглалтад ороход Оюутолгойг цахилгаанаар хангах боломжтой болно. Үүнтэй зэрэгцүүлээд тухайн бүс нутгуудын хэрэглээнд тохируулан  магистраль шугам, дэд станц зэрэг эх үүсвэрүүдийг ч байгуулах болно. Ингэснээр Оюутолгойн эрчим хүчийг дотоодоос хангах техникийн нөхцөл бүрдэнэ.