Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын үйлдвэрлэлийн идэвхжил суларсан дүнтэй гарлаа

Хятадын үйлдвэрлэлийн салбарын PMI (Purchasing Managers' Index) үзүүлэлт оны эхний сард 50.1-тэй гарсан байна. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын үзүүлэлт болох 50.3-тай харьцуулахад өсөлт буурсныг илтгэнэ. Хэрэв PMI үзүүлэлт 50-иас дээш гарвал өсөлттэй, бага бол бууралттайд тооцогддог. Ийнхүү үйлдвэрлэлийн салбарын өсөлт буурч байгаа нь зарим дэд салбарын хувьд оргил идэвхитэй улирал өнгөрсөн төдийгүй зах зээл дэх эрэлт суларсантай холбоотойг тус улсын Үндэсний статистикийн газар мэдэгджээ.

Гэхдээ нэгдүгээр сард Хятадын түүхий эдийн худалдан авалтын үнийн дүнг хэмждэг дэд үзүүлэлт өмнөх сарынхаасаа 8.3%-иар өсч 56.4 болсон байна. Мөн нэгдүгээр сард үйлдвэр дэх барааны борлуулалтын үнийг хэмждэг дэд үзүүлэлт өмнөх сарынхаасаа 5.4%-иар өссөн байна. Харин шинэ захиалгыг хэмждэг дэд үзүүлэлт нэгдүгээр сард 0.4%-иар буурч 49.3 болжээ. Энэ нь үйлдвэрлэлийн салбарын зах зээлд эрэлт буурч эхэлснийг харуулна.

Мөн үйлдвэрлэлийн бус салбарын PMI үзүүлэлт нэгдүгээр сард 51.1-д хүрч өнгөрсөн арванхоёрдугаар сарын (52.7) дүнгээс буурчээ. Энэ нь Хятадад цар тахлын халдвар нэмэгдэж, хязгаарлалтын дэглэм тогтоох болсонтой холбоотой.

Нэгдүгээр сарын дүнг ерөнхийд нь авч үзвэл Хятадын дотоодын эрэлт хангалтгүй байгаа бөгөөд эдийн засгийн үзүүлэлт буурах эрсдэл өндөр болохыг харууллаа хэмээн тус улсын дотоодын эдийн засагчид санууллаа. 

Хятадын эдийн засагт гурван эрсдэл нүүрлээд байгаагийн дотор эрэлт буурах, нийлүүлэлтийн хүндрэл, эдийн засгийн хүлээлт сулрах зэрэг орж байна.

2022 онд Хятадын Засгийн газрын тэргүүн зорилт нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах гэж шинжээчид тайлбарлалаа.

ОУВС энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт 5.6%-иар өснө гэсэн таамаглалаа 4.8% руу буулгаж өөрчлөөд байгаа юм. Учир нь тус улсын үл хөдлөх салбарын асуудал болон эрэлтийн бууралт үүнд нөлөөлнө гэж үзжээ. Хятадын эдийн засаг өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 4%-иар өссөн нь сүүлийн жил хагасын хугацаан дахь хамгийн бага өсөлтөд тооцогдож байна.

Үүнээс гадна хувийн судалгааны байгууллагаас Хятадын үйлдвэрлэлийн PMI үзүүлэлтийг хэмждэг. Тус хэмжүүрээр буюу Caixin/Markit-ийн судалгаагаар урд хөршийн үйлдвэрлэлийн үзүүлэлт оны эхний сард 49.1-тэй буюу бууралтын бүс рүү орсон бөгөөд энэ нь 2020 оны хоёрдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт боллоо.  Уг үзүүлэлт өнгөрсөн арванхоёрдугаар сард 50.9-тэй гарсан төдийгүй судлаачид энэ сарын дүн 50.4-тэй гарна гэсэн хүлээлттэй байсан юм.

 

Б.Төгс