Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ГЕГ: Эрдсийн экспорт оны эхний сард огцом буурлаа

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2022 оны эхний сард 1 тэрбум 96 сая ам.доллартай тэнцэж өмнөх оны мөн үеийнхээс 0.2%-иар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 539.6 сая ам.доллартай тэнцсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 15.7%-иар хумигджээ. Харин импортын тухайд оны эхний сард 556.5 сая ам.долларт хүрсэн нь 21.3%-ийн өсөлттэй гарлаа. Ийнхүү экспорт хумигдахад нэгдүгээр сарын 27-ныг хүртэл Замын-Үүд-Эрээний боомтын төмөр замын задгай тээвэр зогссонтой холбоотой юм. Улмаар нэгдүгээр сарын сүүлийн хоногуудад зэсийн баямжал, төмрийн хүдэр болон бусад эрдсийн тээвэрлэлтийг сэргээж эхэлсэн.

Экспорт буурснаар оны эхний сард гадаад худалдааны тэнцэл 16.9 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Өнгөрсөн 2021 оны эхний сард гадаад худалдаа 181.1 сая ам.долларын ашигтай гарч байжээ.

Улсын нийт экспортын дийлэнхийг бүрдүүлдэг эрдсийн экспортын тухайд зэсийн баяжмал орлогоор тэргүүлж байна. Оны эхний сард зэсийн баяжмалын экспорт 80.9 мянган тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 26.1%-иар буурчээ. Мөн орлогын дүн нь 9.6%-иар буурч 176 сая орчим ам.доллартой тэнцлээ. Цэвэр зэсийн экспорт мөн оны эхний сард 70 гаруй хувиар буурчээ.

Онцлох зүйл гэвэл энэ оны эхний сард манай улс 2.46 тонн орчим алт экспортод гаргаж 144 сая ам.долларын орлого олсон байна. Өнгөрсөн оны эхний сард манай улс алт экспортлоогүй юм. Харин энэ онд багагүй хэмжээний алт экспортолсноор гадаад худалдааны үзүүлэлтийг тодорхой түвшинд өргөж өгчээ. Өөрөөр хэлбэл төмөр замын тээвэрлэлтийн зогсонги байдлаас үүдсэн гадаад худалдааны бууралтын сөрөг нөлөөллийг хэсэгчлэн арилгасан гэсэн үг.

Нүүрсний экспорт оны эхний сард биет хэмжээгээр 623 мянган тоннд хүрснээр өмнөх оны мөн үеийнхээс даруй 1.9 сая тонноор буюу 75%-иар бага байлаа. Орлогын тухайд нүүрсний худалдаанаас 143.7 сая ам.доллар олсон нь өмнөх оны мөн үеийнхээс 35%-иар буурчээ.

Зөвхөн дээрх гурван эрдэс буюу зэсийн баяжмал, алт, нүүрсний экспорт улсын нийт экспортын 86 орчим хувийг бүрдүүлжээ.

Эрдсийн экспорт дундаа алтнаас гадна молибдены баяжмалын экспорт өсөлттэй гарлаа. Тодруулбал оны эхний сард манай улс 502.5 тонн молибденийн баяжмалыг 7.1 сая ам.доллараар экспортолсон нь жингээр 2.3%, үнийн дүнгээр 112.3%-иар тус тус нэмэгджээ.

Бусад эрдсүүд болох цайрын баяжмал, төмрийн хүдэр, газрын тос, жоншны тухайд худалдаа огцом буурсан үр дүнтэй гарч байна.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

 

Б. Төгс