Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Бичигт, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудын ажлыг эцэслэсний дараа Хангид төвлөрнө

Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б. Жавхлан голлох боомтууд болон бусад төслийн ажлын талаар товч мэдээлэл (2022.02.09) танилцууллаа.

Тэрбээр Ерөнхий сайдын Хятад улсад хийсэн ажлын айлчлалыг ихээхэн үр дүнтэй болсныг тэмдэглэсэн бөгөөд ажлын айлчлалд багтсан баг Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жыжөтэй уулзалт хийсэн байна. Уг уулзалтаар таван төсөл дээр төвлөрч ярилцжээ. Эндээс гол гурван боомт буюу Бичигт-Зүүнхатавч, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын ажлыг хэлэлцсэн байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд манай улс Хятадын талтай боомтуудын үйл ажиллагаа, ачаа тээврийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх асуудлыг идэвхтэй ярилцаж байгааг сайд тодотголоо.

Үүний үр дүнд сүүлийн жилүүдэд буюу арав гаруй жил шийдлээ хүлээн байсан төмөр замын солбицлын цэгийг тогтоох асуудлыг эцсийн байдлаар тохирсон байна. Одоо Гашуунсухайт-Ганцмод боомт дээр солбицлын цэгийг ашиглаж харилцан төмөр замын ачаа бараа шилжүүлэн ачиж буулгах терминалыг аль талд барих тухай дараагийн шатны ажил руу орсныг сайд онцоллоо. Манай талаас терминалтай холбоотой техник, эдийн засгийн үндэслэл болон бусад судалгааг Хятадын талд өнөөдөр эцэслэн хүргүүлжээ.

Улмаар талууд хоёрдугаар сарын 15-нд хуралдаж терминалыг аль талд барих тухайд хэлэлцэж эцэслэн тохирчихвол хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэх боломж бүрдэнэ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас уг ажилд холбогдох бүтээн байгуулалтыг энэ жилдээ шуурхайлж эхлүүлэх үүрэг чиглэл өгсөн байна.

Одоогийн байдлаар өмнөд хөршийн хувьд дээрх гурван боомтын чиглэлд автозам, төмөр замаа хил рүү тулгаад байгуулчихсан байгаа ажээ. Цаашид үүн дээр нэмэгдээд Ханги боомтын чиглэлд дэд бүтэц байгуулах ажлыг манай талаас идэвхийлэн хэрэгжүүлж байна. Гэхдээ эхлээд гол гурван боомтын харилцан нэвтрэлцэх асуудлыг хоёр талаас цэгцлэх юм байна.

Эдгээр гурван боомтоос гадна Нэг бүс-Нэг зам санаачлагын хүрээнд Алтанбулаг-Замын-Үүдийг холбох хурдны автозам, хос төмөр зам байгуулах асуудлыг ярилцжээ. Энэ хоёр төсөлтэй холбоотой ТЭЗҮ-ийг Хятадын талд хүргүүлсэн байна. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үүднээс 49 км бүхий баганан тулгуурт гүүрэн байгууламж (LRT), хот тойрсон 71.5 км хурдны зам байгуулах төслүүдийн талаар танилцуулсан. Хоёрдугаар сарын дундуур болох хурлаар эдгээр төслийг эрчимжүүлэх боломжийн талаар талууд ярилцах ажээ.

 

Б. Төгс