Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Энержи Ресурс” өнгөрсөн онд 1.2 сая тонн нүүрс борлуулжээ

Өмнөговь аймгийн Ухаахудагийн нүүрсний уурхайд олборлолт явуулж буй "Mongolian Mining Corporation" буюу "Энержи Ресурс" 2021 оны дөрөвдүгээр улирлын үзүүлэлтээ танилцуулсан байна.

Өнгөрсөн оны хэмжээнд цар тахлын нөлөөгөөр хил нэвтрэлт удааширсны улмаас компанийн олборлолт, борлуулалтын үзүүлэлт доошилсныг тэмдэглэсэн байна. Энержи Ресурс цар тахлын нөхцөлд шаардлагатай хариу арга хэмжээ авч ажилласан бөгөөд оны эцсийн байдлаар нийт ажиллагсдын 93% нь вакцины нэмэлт тунд хамрагдаад байна.

Өмнөх онд компани нийтдээ 4.3 сая тонн нүүрс уурхайгаас олборлож, үүнээс 3.7 сая тонн нүүрсийг баяжуулах үйлдвэрт боловсруулжээ. Компани нийт 1.8 сая тонн угаасан коксжих нүүрс үйлдвэрлэсэн бөгөөд 1.2 сая тонн коксжих нүүрс борлуулсан үр дүнтэйгээр ажиллажээ.

Цар тахлын улмаас хил нэвтрэлт удааширч хил дээр нүүрсний нөөц нэмэгдэж байсан тул өнгөрсөн оны гуравдугаар улиралд компани олборлолт болон боловсруулалтын ажиллагааг бүрэн зогсоосон байна. Харин дөрөвдүгээр улиралд эдгээр үйл ажиллагааг эргээд сэргээжээ. Оны эцсийн улиралд компани нийт 1 сая 60 мянган тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 64%-иар буурсан дүн боллоо. Үүнээс 960.8 мянган тонн нүүрс боловсруулж 472.8 мянган тонн коксжих нүүрсний гарцтай ажилласан байна. Улмаар 428.8 мянган тонн угаасан коксжих нүүрс борлуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 55%-иар доогуур байгаа боловч өмнөх улирлынхаасаа 254%-иар нэмэгдсэн дүнтэй гарч байна. 

 

Б. Төгс