Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Газрын тосны үнийн өсөлт ОХУ-ын төсөвт 65 тэрбумын нэмэлт орлого оруулна

Сүүлийн үед дэлхийн зах зээлд газрын тосны үнэ тасралтгүй өсч байгаа нь зарим улсад ашигтай тусч байна. “Bloomberg”-т мэдээлснээр газрын тосны үнийн өсөлт ОХУ-ын төсөвт 65 тэрбум ам.долларын нэмэлт орлого оруулах төлөвтэй байгаа аж. Энэ онд нэг баррель газрын тосны үнэ 90 ам.доллараас буурахгүй нь тодорхой учир ОХУ-ын төсөв үүнээс ч их ашиг олох боломжтой гэж эдийн засагчид тооцоолж байна.

Хэрэв газрын тосны үнэ 100 ам.долларт хүрвэл дээрх тооцоолол нэмэгдэж ОХУ-ын төсөвт 80 тэрбум ам.доллар орох боломжтой юм. Түүнчлэн Украины эргэн тойронд үүссэн хурцадмал байдлаас шалтгаалан үндэсний мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг суларсан тул рублийн хувьд нэмэлт ашиг бүр ч их байх магадлалтай болжээ. Ер нь газрын тосны орлого Кремлийн санхүүгийн хүчийг бэхжүүлнэ гэж “Bloomberg” онцолжээ.

“Эрчим хүчний бүтээгдэхүүнтэй холбоотой үнийн өсөлт оросуудад ашигтай тусч  байна. Энэ нь тэдний эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан ч сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бууруулна” хэмээн эдийн засагч Скотт Жонсон хэлсэн байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Оросын гадаад валютын нөөц 634.1 тэрбум ам.доллар болжээ. Харин Үндэсний баялгийн сангийн хэмжээ 182.59 тэрбум доллар (ДНБ-ий 11.7%) байгаа ажээ.

Р.Ренчин