“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б. Ганхуяг Монголын нүүрсний хамгийн том экспортлогч компанийн ирээдүйн төлөвлөгөөний талаар “ETT EVENT 2022” хоёр өдрийн арга хэмжээний үеэр (2022.02.11-12) танилцууллаа. Компанийн хувьд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын хөгжлийг эх орондоо түүчээлэх зорилт тавьж ажиллаж байгаа бөгөөд энэ нь “Эрдэнэс Тавантолгой”-н хөгжлийн чухал хэсэг байх болно гэдгийг тэрбээр тодотголоо. Ингээд түүний илтгэлийн тэмдэглэлээс хүргэж байна.
“Дэлхий нийт хувьсан өөрчлөгдөж байна. Маш олон шалтгаан хүчин зүйл байдгийг бид бүхэн мэднэ. Энд бид өнөөдөр хуран цугласны гол шалтгаан нь томоохон улс орнуудад аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу дижитал хөгжлийн хувьсгал аль хэдийнэ эрчимжээд байна. Бид энэ бүхэнтэй хөл нийлүүлэх үүрэгтэй. Өнөөдөр аж үйлдвэрлэл, бүтээн байгуулалт Тавантолгой бүлэг ордын орчимд өрнөж байна. Үүнийг аж үйлдвэрийн IV хувьсгалтай уялдуулахгүйгээр энэ бүхэн урагш явах боломжгүй.
Хоёр зүйлийг бид ойлгох ёстой. Яагаад аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэж? Тэр тусмаа төрийн өмчит компани, бүтээн байгуулалт хийдэг компани дөрөвдүгээр хувьсгалын эхлэл дээр өрнөлийг нь яагаад авч явах болсон юм бэ? Дэлхийн нийтийн бизнесийн харилцаа олон хэлбэрээр явагдаж байна. Цар тахлыг бид мартаж болохгүй. Хүний харилцаанаас шууд бий болсон бизнесийн харилцаанаас мэдээлэл технологид, ялангуяа дижитал орчинд суурилсан энэ бизнесийн харилцаа, хяналтын харилцаа, программ хангамжийн харилцаанд шилжвэл цар тахлын үед алдагдсан боломжийг нөхөх бололцоо бий.
Уул уурхайг аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай уялдуулж хөгжүүлнэ
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын гол санаа нь энэ мэдээлэл технологи, хиймэл оюун ухаан, энэ өгөгдлийг уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарын хөгжилд яаж уялдуулж тогтвортой орлого бий болгох тухай ойлголт юм. Ер нь мэдээлэл технологи, хиймэл оюун ухаан, энэ их өгөгдлийн баазгүйгээр өдөр тутмын үйл ажиллагаа явагдах ямар ч боломжгүй болсон. Урьд нь ч гэсэн Монголчууд нэг, хоёр, гуравдугаар хувьсгалаар бид энэ бүхий л боломжуудыг алдаж байсан. Одоо боломжийг алдах ёсгүй. Тэр ч утгаараа бидний хөгжлийн гол агуулга бол ерөөсөө мэдээлэл технологид суурилсан дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлэхэд түүчээлж оролцох ёстой. Бид ийм байр сууринаас хандаж байгаа юм. Уул уурхайн бизнест ирэх 15 жилд 30 тэрбум ам.долларын бизнес бий. Өөрөөр хэлбэл боловсруулах, хагас болон бүтэн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн гаргах, кокс, ширэм, ган үйлдвэрлэх, дэд бүтцийн томоохон автозам, төмөр замын сүлжээг бий болгож, логистикийн терминалын хөрөнгө оруулалтаас мөнгө олно. Эцсийн бүтээгдэхүүн буюу Монголдоо ихээхэн хэмжээний орлогын эх үүсвэрийг авчрагч нь уул уурхайн салбар юм.
Үүнийг 30 тэрбум ам.доллараар төсөөлж 15 жилийг төлөвлөсөн байгаа юм. Зөвхөн 2021-2025 оны бизнес төлөвлөгөөнд бид 17.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллах боломжтойгоор манай “А6-20” төлөвлөгдсөн. Энэ мега төслүүдийг дижитал буюу мэдээллийн технологи, программ хангамжийн орчинтой нэгтгэсэн санхүүгийн моделийг бид хийсэн. Энэ бол А6-20 бизнес төлөвлөгөө юм.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид чамлахааргүй ажиллаж туршлагажсан. Олон улсын хөрөнгийн захад IPO гаргахаас эхлүүлээд компанийн үнэлгээг стандартад нийцүүлэх ажлыг бид бүгд хийж чадлаа. Ордын үнэлгээг бид 14.1 их наяд төгрөгөөр тогтоож чадсан. BDO олон улсын аудитын байгууллагаар баталгаажуулсан. Цаашлаад компани гадаад болон дотоодод ямар ч өр зээлгүй болж чадлаа. Сая 2021 оноос бонд гаргасан. Ингээд дөрвөн жилийн хугацаанд олсон амжилт дээрээ тулгуурлаад бид “А6-20” төслийг дөрөвдүгээр сард танилцуулсан. Үүнийг Тавантолгой ордыг хөгжүүлэх дөрөвдүгээр хувьсгал буюу аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэсэн нэртэйгээр зургаан багц төсөл хөтөлбөр болгон товчлон танилцуулж байна.
Эхний асуудал бол олборлолт. Тавантолгой орд нь дэлхийн хатуу коксжих нүүрсний ордын чанараараа хоёрт бичигддэг. Хэмжээгээр нэгд бичигддэг ийм арвин орд. Дэлхийн ган үйлдвэрлэлийн гол суурь түүхий эд нь коксжих нүүрс. Бид олборлолтыг орчин үеийн технологид шилжүүлэхээс өөр аргагүй болсон. Яагаад гэхээр дэлхий нийтээр хүлэмжийн хийн ялгаруулалтын эсрэг явж байна.
Олборлолтыг 15 жилийн хугацаанд ямар технологиор хөгжүүлэх вэ гэдэг нь тэргүүн зэргийн асуудал болж тавигдсан. Юун түрүүнд бид технологийн хувьд жолоочгүй технологиос эхлүүлээд аюулгүй байдлыг хангасан зардал багатай технологийг нэвтрүүлнэ. Энэ төслүүдээ 2022 оноос санхүүжүүлэхээр тодорхой төслүүдийг ТУЗ-өөрөө батлуулсан. Юу гэвэл, энэ нь тасралтгүй хөгжих технологи буюу конвейерийн систем. Мөн гүний уурхай руу шилжих эдийн засгийн тооцоо хийсэн. Эдийн засгийн тооцооны хувьд жолоочгүй операторын технологи болоод үүнийг хяналтын орчинд аюулгүй байдлыг хангасан программ хангамжийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх. Нэг үгээр үйл явцыг хувьцаа эзэмшигчид харж хянаж болдог тогтолцоог бүрдүүлнэ. Цаашид жилд 75 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхайг бий болгох. Үүний тулд технологийн дэвшил хэрэгтэй. Одоогийн байгаа технологиор 45 сая тонноос дээш гарах боломжгүй.
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаар энэ онд 2.2 сая тонн нүүрс тээвэрлэнэ
Дараагийнх нь дэд бүтэц, тээвэрлэлтийн асуудал. 2018 оноос бид төслүүдийнхээ, ялангуяа төмөр замын санхүүжилтийг эрчимтэй эхлүүлснийг та бүхэн мэднэ. Өнөөдрийн байдлаар 2.6 их наяд төгрөг буюу 1 тэрбум орчим ам.долларын санхүүжилт хийгээд байна. Энэ төслийн гол агуулга нь ТТ-Гашуунсухайт чиглэлийн удаан хүлээгдсэн төмөр замыг ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Үүний эдийн засгийн дотоодын өөрийн өгөөж 9.5% (IRR). Ийм өндөр өгөөжтэй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан төсөл байгаа юм. Хоёр дахь нь 416 км урттай ТТ-Зүүнбаян чиглэлийн төмөр зам. Төсөл нь 8.9%-ийн дотоод өгөөжтэй. Энэ хоёр төсөл хэрэгжсэнээр ТТ-Гашуунсухайт чиглэлд 30 сая тонн нүүрс, ТТ-Зүүнбаян чиглэлд 15 сая тонн нүүрс тээвэрлэнэ. Ирэх гуравдугаар сарын 15-нд ТТ-Зүүнбаян чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр эхэлнэ. 2022 оны долдугаар сарын 15-наас ТТ-Гашуунсухайт чиглэлд энэ жил бид 2.2 сая тонн нүүрс тээвэрлэхэд бэлэн болсон.
Гуравт боловсруулах үйлдвэр. Бид ингээд түүхийгээр нь гаргаад байж болохгүй. Бидний өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн, маш үнэ цэнэтэй бүтээгдэхүүнийг боловсруулах ёстой. Бид 30 сая тонны хүчин чадал бүхий нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 сая тонны эхний блокыг 2024 онд хүлээж авах бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчаа сонгон шалгаруулсан. Бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр борлуулж буй түүхий бүтээгдэхүүнийг хагас боловсруулсан тохиолдолд үнэлгээ гурав дахин өснө. Бүтэн боловсруулж ширэм, кокс үйлдвэрлэвэл энэ хэмжээгээр нэмүү өртөг, ажлын байр дотооддоо үлдэнэ. Манай баяжуулах үйлдвэрийн дотоод өгөөж нь 20.2% (IRR)-ийн маш өндөр үр ашигтай төсөл.
Тавантолгойн станцын дараа шинээр 500МВт-ын метаны станц байгуулна
Дараагийнх нь Тавантолгойн эрчим хүч. Тавантолгойн эрчим хүчний эх үүсвэрийг эхлээд 450МВт-ын хүчин чадалтай нүүрсний дулааны цахилгаан станцаас хангахаар төлөвлөсөн. Энэ нь хамгийн гол нь Оюутолгой төслийг цахилгаанаар хангана. Улмаар 2025 оноос эхлэх дараагийн төсөл нь 500МВт-ын метаны станц болно. Ингэснээр Тавантолгойн уурхайн дэргэд нийт 950МВт-ын эрчим хүчний үйлдвэрлэл явагдаж, дотоодын эрчим хүчний хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортлох боломж бүрдэнэ. Тавантолгой ДЦС нь 11.4%-ийн (IRR) өгөөжтэй төсөл.
Монгол-Хятадын экспорт импортын хамтарсан томоохон групп байгуулна
Тавд нь боомт, нэгдсэн терминал. Зөвхөн ТТ-Гашуунсухайт чиглэлд авч үзэхэд автозамаар 28 сая тонн, төмөр замаар 30 сая тонныг тус тус тээвэрлэнэ гэж үзвэл жилд 58 сая тонн ачаа барааг чингэлэг, конвейер, дүүжин тээвэр, авто зам, төмөр зам гэсэн таван төрлийн хэрэгслээр экспортлохоор төлөвлөсөн. Уг нэгдсэн терминалын дотоод өгөөж 12%-тай. Үүнд Монгол-Хятадын экспорт импортын хамтарсан томоохон групп байгуулагдана.
Говийн гүний усыг нөхөн төлжүүлнэ
Зургаа дахь нь хамгийн гол төсөл. Говийн бүсийн иж бүрэн усан хангамжийн төсөл байгаа юм. Орхон-Онги болон Хэрлэн Тооно гэсэн хоёр том гадаргын усны нөөцөөс хоолойгоор дамжуулан ус татахаар төлөвлөсөн. Үүнд Оюутолгой тэргүүтэй уул уурхай дагасан 18 компани санхүүжилт гаргаж ажиллахаар төлөвлөсөн байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” уг төслийн 30%-ийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Тэр хүртэл бид ямар ажил эхлүүлсэн гэхээр Тавантолгой-Загийн усны хоолой хүртэл дөрвөн өргөх байгууламж бүхий 71 км усны хоолой татах төслийг эхлүүлээд явж байна. Монголын гурван компани шалгарсан. Дараа нь Загийн усны хоолойгоос Дорноговь аймгийн Мандах сумын Цагаан цав хүртэл 221 км хоолой, түүнээс дээш Хэрлэн Тооно руу хоолой татах зарчмаар ажил өрнөнө. Энэ бол зүүн талаас баригдах ажил бол баруун талаас ирэх нь Орхон-Онги төсөл байгаа юм. Энэ төслийн өөрийн өгөөж нь бизнесийн ашиг гэхээсээ илүү говийг ногооруулах, хүн, мал амьтны суурьшлийн бүс бий болгох ач холбогдолтой юм. Дээрээс нь говийн гүний усыг нөхөн төлжүүлнэ. Энэ бол Засгийн газрын Хөх морь төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлууд гэж ойлгож болно. Эдгээр төсөл хэрэгжсэнээр Монгол улсад зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-гоос хамаарсан 30 орчим тэрбум ам.долларын борлуулалтын орлого, түүнийг дагасан ашиг өгөх үйл ажиллагаа явагдана.
“Эрдэнэс Тавантолгой” охин компаниудын 25-60%-ийг дотоодын биржээр арилжаална
Өнөөдөр энд ирсэн хүмүүс асуух байх, төр ингээд бүх юмыг нэгтгээд төвлөрүүлээд яваад байх юм уу гэж? Одоо бидэнд таван компани байна. “Тавантолгой төмөр зам”, “Тавантолгой Зүүнбаян”, “Тавантолгой түлш”, “Гашуунсухайт автозам”, “Тавантолгой дулааны цахилгаан станц” гээд үүн дээр нэмэгдээд есөн компани байгуулагдана. Терминал, баяжуулах үйлдвэр, усан хангамж, бусад үйлдвэрлэлтэй холбоотой хэд хэдэн компани бий болно. Ингээд нийт 14 компани “Эрдэнэс Тавантолгой” гэдэг холдингийн дор бий болно. 2021-2025 оны бизнес төлөвлөгөөнд 2024 оноос эдгээр компанийн 25-60%-ийг дотоодын хөрөнгийн биржээр хувьчлах концепцтэй явж байгаа юм. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, иргэд хүртэл хувьцаа эзэмшээд явах боломжийг бүрдүүлнэ. Томоохон хэмжээний мега төслүүдийг, тухайлбал уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэртэй холбоотой төслүүдийг эхлүүлэх үйл явцыг төрийн зүгээс дэмжиж явах нь зөв байдаг юм байна. Харин урт хугацаанд хөдөлгөх, зөв хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо зайлшгүй. Энэ үед төр оролцоогоо багасгаж, хяналтыг бий болгоно. Хяналт бий болгохын өмнө аж үйлдвэрлэлийн дөрөвдүгээр хувьсгал буюу мэдээлэл технологид суурилсан ил тод нээлттэй байдлыг бий болгож энэ төслүүдийн дотор ямар ажлууд, тендер, санхүүжилт, хэн оролцож байгааг харуулж, үүсч болзошгүй хардлагыг бууруулах нь чухал. Үүний тулд “Эрдэнэс Тавантолгой” сүүлийн хоёр жил хийсэн ажил нь “шилэн” компани болох явдал байсан. Шилэн компанид тавигддаг 11 заалт байдгаас бид долоог нь бүрэн хэрэгжүүлж чадсан. Хөрөнгө оруулагчид үүний үр дүнд бидэнд итгэл хүлээлгэсэн.
Өнгөрсөн онд бид ETT бонд гаргасан. Үүний хүрээнд бид сая зөвхөн иргэд, дотоодын хөрөнгө оруулагчдаас 870 тэрбум төгрөгийн бондыг санхүүжүүлээд явж байна.
Аж үйлдвэрийн хувьсгалууд Монголд хэрхэн нөлөөлөв? Нэгдүгээр хувьсгал 1766 онд бий болоод анхны уурын галт тэрэг хэрэглээнд нэвтэрч байсан үе. Энэ үед бид харийн эрхшээлд байсан учир хөгжил ярих ямар ч боломжгүй байсан. Хоёрдугаар хувьсгалын үед гангийн үйлдвэрлэл эрчимжиж, томоохон хотууд сүндэрлэж, төмөр замууд үе шаттайгаар байгуулагдаж байсан үе. Энэ үед Монголчууд зөвхөн соёлын хувьсгалын тухай л ярьж байв. Гуравдугаар хувьсгалын үед мэдээлэл технологийн хувьсгал. Энэ үед компьютер, программ хангамжийн эрин эхэлсэн. Одоо харин бид дөрөвдүгээр хувьсгалын үед тэргүүлж чаддаггүй юм гэхэд зэрэгцэж алхах биш гүйх ёстой гэдэг хатуу зарчим дээр бид аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэсэн энэ санаачлагыг гаргаад ажиллаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн зургаан бодлого танилцуулсан. Энэ зургаан бодлогын гурав нь манай бодлогын нэг хэсэг. Өөрөөр хэлбэл тэр гурван бодлогод бидний хэрэгжүүлэх ажлууд бүрэн багтаад явж байна гэж ойлгож болно.
1072 хувьцаа эзэмшигч бүрт 680 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилна
Эдийн засгийн үр ашиг хамгийн чухал. Энэ их ажил өрнөх нь, ил тод болох юм байна, мэдээллийн технологийг ашиглах юм байна, зардал буурах, оролцогч талууд нэмэгдэх юм байна, хувьчлал явагдах нь байна. Төрийн оролцоо хумигдаж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэж таарах нь. Одоо тэгэхээр иргэд яах вэ гэсэн асуулт гарч ирж байна. 2021-2025 оны хооронд “Эрдэнэс Тавантолгой” нийтдээ 13.9 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллана гэж төлөвлөж байна. Үүнд 2021, 2022 оны цар тахлын үеийн нөхцөлийг тооцсон байна. Үүнээс 2.9 тэрбум ам.долларын татварыг төсөвт оруулах юм байна. 4.6 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллах боломжтой. 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд нийтдээ 1.7 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар төлөвлөсөн. Энэ нь хувьцаа эзэмшигч иргэн бүрд 680 орчим мянган төгрөгийн ногдол ашиг очно гэсэн үг. Энэ бол ямар нэгэн хөрөнгө оруулагчийн өмнөөс хийж буй ажил биш. Энэ төсөл маань өөрөө дөрөвдүгээр хувьсгалын үр дүнд өгөөжөө өгч байгаа хэлбэр. Нөгөө талаар “Эрдэнэс Тавантолгой”-н 15 тэрбум хувьцааны үнэлгээ өсч, жил бүр өгөөжөө өгдөг тогтолцоог бүрдүүлэх тогтолцоог бэхжүүлнэ гэж ойлгож болно.
Эдгээр төсөл хөтөлбөр нь зөвхөн компанийн дотоод асуудал биш юм. Компанийн мега төслүүдийн бүтээн байгуулалтад 32 мянган иргэн оролцох (баяжуулах үйлдвэр, төмөр зам, станц г.м.) төлөвтэй бөгөөд тэдгээрт зориулж шинэ суурьшлийн бүс буюу 51 мянган хүн амтай Эрдэнэсийн хот байгуулахаар төлөвлөсөн.
Мөнгөн урсгалаас илүү чухал нийгэм, эдийн засгийн харилцаа, тэр дундаа экологийн харилцаа бий. Байгаль орчны тэнцвэргүй байдал, хүлэмжийн хийн ялгаруулалт, түүнтэй холбоотой олон сөрөг үзүүлэлтүүд говьд бий болсон. Өмнөговь, Дундговь, Дорноговь зэрэг аймгийн нийт нутгийн 60 орчим хувь нь цөлжилтөд өртжээ. Тэнд ургамал амьтан амьдрах боломжгүй байна. Хэрэв ашиглах гэж байгаа бол бид цөлжилттэй нэн тэргүүнд тэмцэх үүрэгтэй. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бид 180 сая ширхэг мод тарихаар хариуцаж авсан. Энэ бол бидний нийгмийн хариуцлага гэхээс илүү нийгмийн өмнө хүлээсэн хатуу үүрэг. Үүнийг бид есөн жилийн хугацаанд “Оюутолгой” болон бусад 17 компанийн хамтаар нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэхээр ажил эрчимтэй явагдаж байна.
Энэ бүхнийг бид эх орныхоо тусын тулд хамтарч зөвлөлдөж ойлголцож нэгдэж дэмжиж дэлхий даяар энэ төслийг танилцуулж ажиллах ёстой. Дэлхийд өрсөлдөх Монгол төсөл “Эрдэнэс Тавантолгой”, та бүхнийг урьж байна” гэв.
Мөн арга хэмжээний үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн Бизнесийн зөвлөлийн гишүүдийг танилцуулж, дараа нь “Хөрөнгө оруулалт, бонд” сэдвээр Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х. Алтай илтгэл танилцууллаа.
Түүнчлэн “Аж үйлдвэрийн хувьсгал 4.0” сэдвээр хэлэлцүүлэгт “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал Б. Ганхуяг, “Гэрэгэ Системс” ХХК-ийн Үүсгэн байгуулагч болоод Гүйцэтгэх захирал Н. Энхжаргал, “ONDO”-н Гүйцэтгэх захирал Ч. Анар, “Фаро Лимитед” группийн Үүсгэн байгуулагч А. Бямбажаргал нар оролцлоо.
Эхний өдөрийн арга хэмжээний төгсгөлд Metaverse орчинд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Фронтера Капитал” групп хооронд Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь Монголд анх удаа виртуал орчинд олон улсын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан үйл явдал болсныг компани онцоллоо.
Арга хэмжээний эхний өдөр ETT гар утасны аппликейшнийг нээсэн бол хоёрдугаар сарын 12-нд буюу хоёр дахь өдөр компани болон бүрэлдэхүүн компаниудаас нээлттэй ажлын байрны өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр "Эрдэнэс Тавантолгой" болон түүний бүрэлдэхүүн компаниуд, гэрээт туслан гүйцэтгэгч компаниуд нийт 700 орчим ажлын байрыг нээлттэй зарлав. "ETT Events" арга хэмжээг цаашид жил бүр тодорхой сэдвийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулах юм байна.
Б. Төгс