-АИ92 шатахууны импортын дундаж үнэ нэгдүгээр сард тонн тутамдаа 766.7 ам.доллар боллоо-
Дэлхийн зах зээлд Брэнт маркийн газрын тосны ханш үргэлжлэн өсч баррель тутамдаа 96.78 ам.долларт хүрсэн (2022.02.14) байна. Энэ нь газрын тосны ханшийн хувьд 2014 оноос хойших дээд үзүүлэлт бөгөөд он гарсаар ханш 20 гаруй хувиар өссөнийг илтгэнэ. Харин өнөөдрийн байдлаар Брэнт тосны ханш ялимгүй буурч 95.8 ам.доллар/баррель болоод байна.
Эх сурвалж: investing.com
Газрын тосны томоохон олборлогч ОХУ болон Украины хооронд мөргөлдөөн үүсч болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэлтэйгээр ийнхүү зах зээлд ханш өссөөр байна. Улмаар шинжээчдийн хувьд АНУ нөхцөл байдал хүндэрвэл ОХУ-ын газрын тосны экспортод хориг тавьж болзошгүй гэсэн хувилбарыг ч авч үзэх болжээ. Гэхдээ ийм байдал бараг үүсэхгүй болов уу гэсэн таамаг шинжээчдийн дунд давамгайлж байна. ОХУ-ын зүгээс ч ямар нэг дайралт довтолгоо хийхгүй, зөвхөн энхийн талыг баримтлах болно гэдгээ мэдэгдсээр байгаа юм. Нөгөө талд барууны хэвлэлүүдэд дайралт удахгүй буюу хоёрдугаар сарын 16-нд болох талаар таамаг хөвөрсөөр байна.
Манай улсын хувьд дэлхийн зах зээлд газрын тосны ханш нэмэгдэх тусам шатахууны борлуулалтын үнэ дагаад нэмэгдэх сөрөг нөлөөтэй. Тодруулбал оны эхний сард АИ92 шатахууны импортын дундаж үнэ тонн тутамд 766.7 ам.доллартай тэнцсэн бол уг үзүүлэлт 2021 оны мөн үед 446 ам.доллароор илэрхийлэгдэж байжээ. Энэ оны нэгдүгээр сард манай улс нийтдээ 43.9 мянган тонн АИ92 шатахууныг 33.6 сая ам.доллароор импортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет жингээр 2.8%-иар, импортын үнийн дүнгийн хувьд даруй 76.7%-иар тус тус нэмэгдсэн дүн болж байна.
Газрын тосны ханшийн өсөлт нь дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болоод буй инфляцыг улам бүр дэвэргэж, эдийн засгийн өсөлтийг боомилж мэдэх юм.
Газрын тосны ханшийн өсөлттэй зэрэгцэн дэлхийн зах зээлд алтны ханш гурван сарын дээд үзүүлэлтэд ($1888/унц) хүрээд байна. Мөн хөнгөн цагааны ханш ч нийлүүлэлтийн хомсдолоос үүдэн Лондоны металын биржид сүүлийн 13 жилийн хугацаан дахь дээд ханшаар ($3306/тонн) борлуулагдах болсон байна.
Б. Төгс