Зам тээврийн бүтээн байгуулалт, тээвэр ложистикийн асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ярилцлаа.
-Цар тахлаас шалтгаалан эрдсийн бүтээгдэхүүнийг автозамаар бус төмөр замаар тээвэрлэх нь оновчтой шийдэл болоод байна. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтууд ямар шатандаа яваа, хэзээ ашиглалтад орох вэ гээд төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллээр ярилцлагаа эхлүүлье?
-Өнгөрсөн хоёр жилд хэдийгээр цах тахалтай хүндхэн байсан ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил сааталгүй явж ирсэн. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн нийт гүйцэтгэл 85 орчим хувьтай явж байна. Тус чиглэлийн төмөр замаар энэ оны гуравдугаар сарын 15-ны өдөр туршилтын тээвэр зохион байгуулахаар төлөвлөсөн. Батлагдсан төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ хангаад ажиллаж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нийт гүйцэтгэл 2021 оны жилийн эцсийн байдлаар 73.9%-тай явж байна. Төслийн барилгын ажлыг 2022 оны хоёрдугаар улиралд багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Харин "Богдхан төмөр зам төсөл"-ийг 2021 онд багтаан эхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг "Тавантолгой төмөр зам" ХХК-д олгож 2021 оны наймдугаар сарын 23-ны өдөр үйл ажиллагааг эхлүүлсэн. Одоогийн байдлаар тус төслийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажил хийгдэж байна.
-Шинэ төмөр замууд ашиглалтад орсноор тээвэр логистикийн зардал буурч, өрсөлдөх чадавх, эрдсийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Энэ олон өөдрөг төсөөлөлтэй холбоотой бодит, тодорхой тоо байна уу?
-Төмөр замын үндэсний сүлжээ байгуулах зорилтын хүрээнд баруун, зүүн, төвийн бүсийн төмөр замын сүлжээг өргөжүүлж, төмөр замаар хилийн боомтуудыг холбох төслүүдийг хэрэгжүүлнэ. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөө өртөөнөөс БНХАУ-ын Бугат өртөө хүртэлх тээврийн зайг 1722 км-ээс (Замын-Үүд-Эрээн) 1404 км (Ханги-Мандал) буюу 318 км-ээр дөт болгоно, төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртгийг 4-8 ам.доллараар бууруулна. Ингэснээр дотоодод олборлосон төмрийн хүдрийн үнийг Хятадын болон Австралийн төмрийн хүдэртэй үнийн хувьд өрсөлдөхүйц болгохоос гадна экспорт, импорт болон дамжин өнгөрүүлэх ачааны тээврийн хэмжээг нэмэгдүүлнэ. Мөн олон улсын төмөр замын шинэ гарц үүсч, улмаар 1600 гаруй ажлын байр шинээр бий болох боломж бүрдэнэ.
Мөн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлснээр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа, бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, аялал жуулчлал, экспортын ачаа тээврийн эргэлт бүс нутгийн хүрээнд нэмэгдэж, Транс- Азийн төмөр замтай холбогдон Европ-Азийг холбосон дамжин өнгөрөх тээврийн шинэ гарцыг бий болгож, БНХАУ-ын далайн боомтуудад хүрэх төмөр замын шинэ чиглэлийг бий болгоно. Баруун-Төв-Зүүн бүсийн үндэсний төмөр замын сүлжээг байгуулж, эрдсийн бүтээгдэхүүний экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, Зүүн бүсэд томоохон эдийн засгийн зангилаа төвийг бий болгоно. Түүнчлэн нүүрс экспортоос жил тутам 2.3 тэрбум ам.доллар, төмөр замын тээврээс 227 сая ам.долларын орлогыг бүрдүүлнэ гэж тооцоолж байна.
-Нүүрс тээвэрлэлтийн шинэ гарцын хүрээнд зүүн бүсэд тавигдах төмөр зам олны анхаарлын төвд байгаа. Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 433 км төмөр замын ажил хэзээ эхлэх вэ? Хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн үү?
-Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт Сайншанд-Баруун-Урт /340 км/, Баруун-Урт- Хөөт /140 км/ чиглэлийн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгагдсан.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захиалгаар 2011 онд “Шинэ төмөр зам төсөл”-ийн хүрээнд Тавантолгой-Сайншанд, Сайншанд-Хөөт, Бичигт-Хөөт-Чойбалсан-Эрээнцав чиглэлийн нийт 1800 км төмөр замын суурь бүтцийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тээвэрлэлтийг цогц байдлаар хэрэгжүүлэх техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Мөн Япон Улсын “Ниппон Коэй” компани дээрх чиглэлийн төмөр замын техникийн зураг төсөл болон тендерийн бичиг баримтыг 2014 онд боловсруулж Засгийн газрын 2016 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 146 дугаар тогтоолоор төмөр замын чигийг баталсан. Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авах талаар Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
БНХАУ болон ОХУ-ын Монгол Улсыг дамжин өнгөрөх тээврийн зүүн коридорын хэсэг үргэлжлэл болох Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засагт бодит үр өгөөж өгөх ба Монголын уул, уурхайн бүтээгдэхүүн БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч экспортын шинэ гарцуудыг бий болгож чадна. Төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг барьж байгуулснаар Монгол Улс ашигт малтмалын нөөц, идэвхгүй байгаа ордуудаа ашиглах, олон улсын үнэ тарифаар худалдан авагчдад түгээх боломж бүрэн нээгдэнэ. Стратегийн орд газрууд болон томоохон төслүүдтэй холбогдож Сайншанд болон Хөөтийн аж үйлдвэрийн паркууд байгуулах, нэмүү өртөг шингэсэн боловсруулсан уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсад гаргах эдийн засгийн томоохон үр өгөөжтэй төсөл юм.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2016 оны зургаадугаар сард Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт Монгол Улсыг дайруулсан төмөр замын баруун коридор (Курагино-Кызыл-Цагаантолгой-Арцсуурь-Ховд-Такешкен-Хами-Цонжийн хотон үндэстний өөртөө засах тойрог-Өрөмч чиглэлийн)-ын төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэхээр тохиролцож байсан. Энэ ажил эхэлсэн үү?
-Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нар Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг 2016 онд 5 жилийн хугацаатай байгуулсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төмөр замын салбарт Улаан-Үд-Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн-Жинин буюу төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх асуудалд голлон анхаарч ажилласан. 2021 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг урагшлуулах шинжээчдийн түвшний V уулзалтаар хөтөлбөр хэрэгжих хугацааг 5 жилээр сунгахаар санал нэгдэн ажиллаж байгаа.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны арваннэгдүгээр сарын 4-ны өдрийн 82 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замыг нэмж өөрчлөлт оруулсан. Арцсуур-Шивээхүрэн чиглэлийн баруун босоо төмөр замаар тээвэрлэгдэх голлох ачаа нь эхний ээлжинд экспортын уул уурхайн бүтээгдэхүүн буюу нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал байх бол импортын барилгын материал, транзит ачаа тодорхой хэмжээний бусад түүхий эд, бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэх боломжтой. Мөн Барилга хот байгуулалтын яамтай хамтран зөвлөх компаниар сонгон шалгарсан "Урбан Девелопмент Консалтинг Групп" ХХК-тай 2021 оны долдугаар сарын 5-нд "Баруун чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа боловсруулах" ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу Зөвлөх баг судалгааны ажлыг хийж байгаа.
-Одоо автозамын бүтээн байгуулалт руу оръё. Эрдэс баялгийн экспорттой холбоотой автозамын төслүүд ямар шатанд өрнөж байна вэ?
-Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт Монгол Улсын эдийн засагтай шууд холбоотой, эрдэс баялаг нь экспортын барааны 93 орчим хувийг эзэлж байна. Үүнд газрын тос, нүүрс, зэс, хүдэр зэрэг Бичигт, Баян-Хошуу, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган боомтуудаар авто тээврээр, Замын-Үүд боомтоор бусад хэрэглээний бараа болон уул уурхайн бүтээгдэхүүн төмөр зам, авто тээврээр экспортолж байна. Монгол Улс, ОХУ, БНХАУ-тай хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газрын хоорондын гэрээний дагуу 2 хөрштэй хиллэдэг нийт 20 боомттой. Үүнээс БНХАУ-тай 12 боомт, ОХУ-тай 8 боомтоор хиллэж байна. Уг боомтуудаас Замын-Үүд, Алтанбулаг 2 боомт төмөр зам, авто замын тээврээр байнгын ажиллагаатай байдаг.
Цар тахлын энэ үед бид хилийн боомтуудын хүчин чадлыг сайжруулах дэд бүтцээр холбох ажлыг эрчимжүүлэхэд анхаарч байна. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон Шинэ сэргэн босголтын хөтөлбөрийн хүрээнд хилийн боомтын хүчин чадлыг сайжруулах, худалдаа тээврийг хөнгөвчлөхөд ихээхэн анхаарч ажиллаж байна. Үүний хүрээнд хилийн боомтыг холбох 14 төсөл арга хэмжээний нийт 2954.45 км хатуу хучилттай авто замыг барихаар төлөвлөж байна. Үүнээс 4 чиглэлийн 874.6 км хатуу хучилттай авто замын барилгын ажил эхэлсэн бол 2079.85 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 2022 оноос үе шаттайгаар эхлүүлэхээр төлөвлөөд байна. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр хил дамнасан ачаа тээврийн эргэлт нэмэгдэх, зорчигч тээврийн ая тухтай зорчих боломж сайжирч хямд төсөр бараа, үйлчилгээний эргэлт тус замын нөлөөлөлийн бүсийн дагуу нэмэгдэж, аялал жуулчлал хөгжих зэргээр Монгол Улсын эдийн засгийн өсөлтөнд шууд нөлөө үзүүлэх ихээхэн ач холбогдолтой. Эдгээр боомтоор нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн тоог 50-100% нэмэгдүүлэх боломжтой.
Мөн авто замын бүтээн байгуулалтын хүрээнд 1800 орчим түр ажлын байр, 500 орчим байнгын ажлын байр, аялал жуулчлалын салбарт 1200 орчим ажлын байр шинээр бий болох тооцоог гаргасан бөгөөд дээрх хөдөө орон нутагт ирж, очих дотоод болон гадаадын жуулчны тоо 2025 онд 3 дахин нэмэгдэж, аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
-Ер нь Монгол улсын хатуу хучилттай автозамын даац ямар байдаг вэ. Одоогоор хэдэн аймгийн хэдэн сум нийслэлтэй холбогдсон вэ?
Тухайн авто замаар 20 жилийн хугацаанд явах автомашины тоо болон холбогдох стандартад заасан тэнхлэгийн ачааллаас хамааруулан авто замын хучилтын зузааныг төлөвлөж барьдаг. Монгол Улс нь нийт 111 916,7 км авто замын сүлжээтэйгээс 100 323,28 км нь буюу 89,6% нь ердийн хөрсөн, 11 593,42 км буюу 10,4% нь сайжруулсан зам байна. Нийт сайжруулсан замын 9 781 км буюу 84.4%-ийг хатуу хучилттай, 1 207.9 км буюу 10.4%-ийг хайрган хучилттай, 604.9 км буюу 5.2%-ийг сайжруулсан хөрсөн зам эзэлж байна.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн хүрээнд зам, тээврийн салбарт 659.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий нийт 108 багц төсөл арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллалаа. Авто замын сүлжээг хөгжүүлэх зорилтын хүрээнд 2021 онд нийт 95 төсөл, арга хэмжээний 1702.7 км хатуу хучилттай авто зам, 15 байршил дахь 1338.6 метр урт төмөр бетон гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажлыг улсын төсөв, гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж ажилласан. Үүнээс 326.3 км хатуу хучилттай авто зам, 550 метр төмөрбетон гүүрийг улсын ашиглалтад оруулсан байна. Энэхүү төсөл арга хэмжээний хүрээнд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг нээснээр Монгол Улсын 21 аймгийн төв, 103 сум суурин газар нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоод байна. Мөн авто замын сүлжээнд аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, байнгын бэлэн байдлыг үр дүнтэй, үр ашигтай хангах зорилтын хүрээнд орчин үеийн дэвшилтэд техник технологи бүхий Беларусь улсын “МАЗ” авто машины үйлдвэрээс засвар арчлалтын тусгай зориулалтын 42 техник, авто замын эвдрэл гэмтлийг богино хугацаанд өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох хүчин чадал бүхий Ромдас системийн тоног төхөөрөмж, асфальтбетон хучилтын гадаргуун боловсруулалтын 2 төрлийн техник хэрэгслийг нийлүүлж, техник тоног төхөөрөмжийг ажиллуулах хүний нөөцийг сургаж, дадлагажуулан засвар арчлалтын байгууллагуудын хүчин чадал, чадавхыг бэхжүүлэн ажиллалаа.
Цаашид бид авто замын сүлжээг өргөжүүлэх орон нутгийн хөгжлийг дэмжсэн 978.6 км хатуу хучилттай авто зам, 1172.5 метр төмөрбетон гүүрийн барилгын ажил, аялал жуулчлалын чиглэлийн 893.47 км хатуу хучилттай авто зам, 220 метр төмөрбетон гүүр, хилийн боомтыг холбох нийт 2254.35 км хатуу хучилттай авто зам /үүнээс 998 км нь тусгай зориулалт/, эдийн засгийн коридорыг өргөжүүлэх нийт 777,32 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн сумдын төвийг хямд өртөгтэй авто замаар холбох “Нутгийн зам” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд одоогоор холбогдоогүй байгаа 220 гаруй суурин газрын хямд өртөгтэй авто замаар холбож дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах юм. 2020-2024 онд нийт 45 орчим сум суурин газрыг холбохоор төлөвлөн тусгаад байна.
-Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км цемент бетон хучилттай их даацын авто зам төслийн тендерийг 2019 онд зарлаж байсан, энэ ажил юу болсон вэ?
-Энэхүү авто зам нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас эхлэн тус аймгийн Асгат, Эрдэнэцагаан сумдын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх ба Монгол Улсын хилийн Бичигтийн боомт хүрч төгсөх улсын чанартай авто замын сүлжээний А2002 дугаар бүхий улсын чиглэл юм. Сүхбаатар аймгийн нийт газар нутаг 82,000 км2 ба 56,347 орчим хүн амтай. Баруун Урт хотод нийт хүн амын 30% буюу 17,000 орчим нь суурьшиж байна. Хөдөө, аж ахуй, мал аж ахуй болон уул уурхайн салбар тус аймагт зонхилдог бөгөөд дээрх салбаруудад түшиглэн мах боловсруулалт, аялал жуулчлал, бүс нутгийн худалдаа зэргийг хөгжүүлэхэд аймгийн хөгжлийн бодлого чиглэж байна. Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто зам баригдсанаар Бичигтийн боомт нь Замын-Үүд боомтын дараа орох томоохон боомт болон хөгжиж улмаар БНХАУ-ын Тянжин, Жинзоу, Далиан зэрэг боомтоор дамжин БНАСАУ-д худалдаа хийх боломжийг бүрдүүлж өгөх эдийн засгийн чухал ач холбогдолтой юм. Мөн хатуу хучилттай авто зам баригдсанаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүсэх тоосжилт бага болж, малын бэлчээр сэргэнэ.
Тус төслийн хувьд концессын “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2017 оны зургадугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тогтоолоор Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусгагдсан. Уг тогтоолын дагуу Үндэсний хөгжлийн газраас 2017 оны наймдугаар сарын 16-ны өдөр тус төслийн концесс олгох 2 үе шаттай уралдаант шалгаруулалтыг хоёр ч удаа зарласан боловч санал ирээгүй. Иймд тус төслийг цаашид концессоор хэрэгжүүлэхэд дахин төслийн санал ирүүлэх магадлал бага байгаа тул хөрөнгө оруулалтын өөр хэлбэрээр хэрэгжүүлэх боломжийг судалж байна. Төслийг хэрэгжүүлэх сонирхолтой этгээд байгаа бол концесс олгох асуудлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахад бэлэн байна.
-Авто болон төмөр замын салбарт олон шинэ бүтээн байгуулалт өрнөж байгаа нь сайшаалтай. Нөгөө талаар аливаа бүтээн байгуулалтыг байгаль экологид ээлтэй байлгахад олон улс анхаарах болсон. Энэ хүрээнд зэрлэг амьтдад зориулсан гарц, гармыг заавал байгуулах шаардлагатай болсон юм билээ. Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс энэ тал дээр ямар бодлого баримталж ажиллаж байгаа вэ?
-Энэ тал дээр манай салбарын байгууллагууд их анхаарч ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон байгаль хамгаалах байгууллагууд, талуудтай хамтран зэрлэг амьтдын чөлөөтэй шилжилт хөдөлгөөнийг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор “Тал хээр, говь цөлийн бүсийн авто зам болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц төлөвлөх”, “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн зэрлэг амьтдад зориулсан гарц. Ерөнхий шаардлага” гэсэн үндэсний стандартуудыг боловсруулж, батлуулсан. Дээрх стандартын хэрэгжилтийн хүрээнд авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд энэхүү гарцын жишиг зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
Стандартын мөрдөлтөд анхаарах нэг асуудал нь одоо ашиглагдаж байгаа төмөр зам дээрх өргөст торны асуудал юм. Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан олон дүрэм журам Засгийн газрын тогтоолоор батлагдсан байдаг. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс түр журам гарган зэрлэг амьтны хөдөлгөөн хамгийн их гэсэн 3 газарт торыг хэсэгчлэн нээж, ажиглалт судалгаа хийж, төмөр торыг зэрлэг амьтдын нүүдэл хөдөлгөөнд саад болж буйг тодорхойлох, мөн сонгосон байршлуудаа оновчтой эсэхийг камераар хянаж байна. Судалгааны эерэг үр дүнгүүд гарч тухайн хэсгээр нутагладаг хар сүүлт, цагаан зээр, хулан зэрэг амьтад гарсан байна. Цаашид авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд зэрлэг амьтдын гарцыг тусгах, хэлбэр хийц, хэмжээний хүрээнд инженерийн зөв шийдлийг сонгох, мөн байршлыг оновчтой тодорхойлох зэрэг асуудлуудыг чухалчлан авч үзэж, замын төлөвлөлтийн инженерүүд, тухайн зүйлийн амьтан судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллаж байна.
Өнгөрсөн 2021 онд зам, тээврийн салбарын эрх зүйн шинэчлэлтийн хүрээнд ямар ажил хийж амжуулав. Ололт, амжилтаасаа дурдана уу?
-Зам, тээврийн салбар 2021 онд салбарын эрх зүйн шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд анхаарч төмөр зам, автотээвэр, иргэний нисэх, далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг боловсруулж, зарим хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна.
Хууль эрх зүйн хувьд тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалт, үйлдвэрлэл, худалдааны эрх зүйн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт, тээврийн үйлчилгээнд хариуцлагын даатгалын тогтолцоог нэвтрүүлэх, Агаарын навигацийн үйлчилгээг өргөжүүлэх, агаарын зайн менежмент, нислэгийн урсгал төлөвлөлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, эрэлтэд нийцсэн, нэгдсэн, шуурхай үйлчилгээг хүргэхэд анхаарч зам, тээврийн салбарын эрх зүйн орчныг сайжруулна.
Р.Ренчиндулам