Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Газрын тосны үнэ 100 ам.долларт хүрвэл инфляц эрс өснө

Хэрэв газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.доллар хүрч өсвөл олон улсад инфляцийг хөөрөгдөхөөс гадна хэд хэдэн оронд эдийн засгийн томоохон эрсдэлийг бий болгоно гэж Bloomberg-ийн санал асуулгад оролцсон шинжээчид онцолжээ.

Bloomberg-ийн шинжээчдийн үзэж байгаагаар 2021 оны эцэст баррель нь 70 ам.доллар байсан газрын тосны үнэ 2022 оны хоёрдугаар сарын сүүлээр 100 ам.доллар болж өсөх магадлалтай байна. Энэ нь АНУ болон Европын орнуудын инфляцийг нэмэгдүүлэх эрсдэлтэй ажээ. Харин “JPMorgan Chase & Co”-гийн шинжээчид “Brent” маркийн газрын тосны үнэ баррель нь 150 ам.долларт хүрвэл дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж, инфляцийг 7%-д хүргэнэ гэж үзэж байна. Ингэснээр дэлхийн эдийн засагт давхар хохирол учруулах эрсдэлтэй гэдэгтэй тэд санал нийлж байгаа юм.

Өнгөрсөн оноос хойш дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 50 гаруй хувиар өсчээ. Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор эрэлт өссөн, геополитикийн хурцадмал байдал, нийлүүлэлтэд тулгарсан бэрхшээл зэрэг нь үнэ өсөхөд гол нөлөө үзүүлсэн байна.

“Moody's”-ийн ахлах эдийн засагч Марк Занди газрын тосны үнэ баррель тутамд 10 ам.доллараар нэмэгдэх бүрт эдийн засгийн өсөлтийг 0.1 нэгжээр бууруулна гэж үзэж байна. Түүнчлэн “HSBC”-гийн эдийн засагч Жанет Хенри "Одоогийн байдлаар инфляцийн түвшин сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд  байна. Гэхдээ цар тахлын дараа сэргэж буй дэлхийн эдийн засагт хэрэгтэй чухал зүйл бол эрчим хүчний үнийг дахин өсгөх явдал байж болох юм" гэж ярьжээ.

Р.Ренчин