Салхитын ордын хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн сар тутмын уулзалтыг "Эрдэнэс Силвер Ресурс" компанитай хамтран MERIT төсөл нь холбогдох гол оролцогч талуудыг оролцуулан зохион байгууллаа. Энэ удаагийн буюу хоёрдугаар сарын уулзалт нь байгаль орчны суурь мэдээллийг үнэлэх бичиг баримтын судалгаа сэдвийн хүрээнд болжээ. Уг уулзалтад Салхитын ордын Байгаль орчны суурь мэдээллүүдийг үнэлэх бичиг баримтын судалгааг үндэсний зөвлөх "Кью Эм Си" компани гүйцэтгэсэн үр дүнг төслийн оролцогч талуудад танилцуулав.
Салхитын уурхайд хийгдсэн
-Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ,
-Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ,
-Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр болон
-Газрын төлөв байдал, хянан баталгаа гэх мэт 2016-2021 онуудад хийсэн олон төрлийн байгаль орчны судалгаа, үнэлгээний тайланг тус тус хамруулан хийв.
Төслийн гол оролцогч талууд уурхайн байгаль орчны төлөв байдлын суурь мэдээлэл болон болзошгүй нөлөөлөл, эрсдлүүдийн талаар мэдээлэлт, ойлголт авсан ач холбогдолтой арга хэмжээ болов. Байгаль орчны суурь мэдээллүүдийг нэгтгэсэн мэдээллийг хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулахад ашиглах юм. Мөн энэхүү мэдээлэл, шинжилгээнд үндэслэн Салхитын ордын хаалтын менежментийн жишиг төлөвлөгөөг боловсруулахтай холбоотой эрсдэлийн үнэлгээний судалгааг гүйцэтгэх юм.