Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн онд урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх 2020 онтой харьцуулахад 1.4%-иар өсөлттэй гарсан тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тодруулбал 2021 онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) оны үнээр 43.0 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.6 их наяд (14.9%) төгрөгөөр, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 27.0 их наяд төгрөг болсон нь 0.4 их наяд (1.4%) төгрөгөөр тус тус өсчээ.
ДНБ-ийн хэмжээ, их наяд төгрөгөөр
Эх сурвалж: ҮСХ
Өнгөрсөн 2020 онд ДНБ 4.6%-иар буурч байсан бол 2021 онд 1.4%-иар өслөө. Өсөлт ийнхүү бага гарах болсноор Монгол улсын эдийн засаг цар тахлын өмнөх түвшинд хараахан хүрээгүй байгааг харуулж байна.
Улирлын нөлөөллийг арилган тооцсон дүнгээр ДНБ-ийн үзүүлэлт (2015 оны зэрэгцүүлэх үнээр) өнгөрсөн дөрөвдүгээр улиралд өмнөх улирлаас 0.7%-иар өссөн дүнтэй гарчээ.
Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) өнгөрсөн онд 3.7 их наяд төгрөгт хүрч, 2020 оныхоос 62 тэрбум (1.7%) төгрөгөөр өссөн байна. Үүнд газрын тосны салбарын олборлолт өмнөх оныхоос 13.7%, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 3.9%-иар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн үйлчилгээний салбар өнгөрсөн онд өсөлттэй гарчээ. Тодруулбал тус салбарын нэмэгдэл өртөг өнгөрсөн онд 3.9%-иар тэлж 12.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Харин хөдөө аж ахуй (-5.5%), аж үйлдвэр, барилгын салбар (-7.0%)-ын нэмэгдэл өртөг хоёул бууралттай гарлаа.
Б. Төгс