Газрын тосны Матад XX талбайд үйл ажиллагаа явуулж буй “Петроматад Лимитед” (LON:MATD) компани энэ оны дундуур олборлолтоо эхлүүлэхээр ажиллаж байгаа тухайгаа мэдээллээ. Компанийн хувьд уг талбайд өрөмдсөн Цэн тогоруу (Heron) цооногоос олборлох боломжтой нөөц илрүүлснээ 2019 оны сүүлээр зарлаж байсан юм. Цэн тогоруу цооногоос тос олборлож эхэлснээр компанийн мөнгөн урсгалыг нэмэгдүүлж, цаашид хийх шаардлагатай хайгуулын ажлын хөрөнгийг бүрдүүлэхэд дөхөм болох ажээ. Олборлосон тосыг Хятадын "ПетроЧайна Дачин Тамсаг"-ийн үйлдвэрт машинаар тээвэрлэж аваачин боловсруулж, улмаар цааш урд хөрш рүү гаргах юм байна. Олборлолтын түвшинг дээд хэмжээнд аваачихын тулд нэмж олборлолтын хоёр цооног өрөмдөхөөр төлөвлөсөн бөгөөд холбогдох яриа хэлэлцээг Ашигт малтмал, газрын тосны газартай хийж байгаа ажээ.
Компанийн хувьд газрын тосны Матад XX болон Онги V талбайд дараагийн жил хагасын хугацаанд хайгуулын ажил хийхээр төлөвлөжээ.
Петроматад өнгөрсөн оны наймдугаар сард хувьцааны арилжаагаар 10.5 сая ам.долларын хөрөнгө босгосон нь эхний шатны олборлолтыг хэрэгжүүлэхэд хангалттай хүрэлцэнэ гэж үзэж байна.
Он гарсаар компанийн хувьцааны ханш Лондоны хөрөнгийн бирж дээр 36%-иар өсөөд байгаа юм.
Б. Төгс