ОХУ Украины зүүн захад орших хоёр бүс нутаг, өөрийгөө зарлан тунхагласан Бүгд найрамдах Донецк болон Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг өчигдөр хүлээн зөвшөөрч, улмаар энхийг сахиулагчдыг нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ. Уг шийдвэрийн дараа голлох биржүүдийн индекс буурч, эсрэгээр алт болон газрын тосны ханш өсөх хандлагатай болж байна. S&P500, Nasdaq, Nikkei, Hang Seng зэрэг томоохон биржүүдийн голлох индекс бүгд бууралттай гарчээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин өчигдөр улсынхаа Аюулгүй байдлын зөвлөлийг ээлжит бусаар хуралдуулан Украины зүүн хэсэгт орших хоёр бүс нутаг болох Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр санал нэгтэйгээр шийдвэрлэсэн юм. Түүнчлэн хоёр бүс нутгийн удирдагчдын зүгээс ОХУ-аас хамгаалалт хүссэний дагуу өчигдөр Донецк, Луганск руу цэрэг илгээж байна. Эдгээр бүс нутагт Украины талаас хийх халдлага, дайралт сүүлийн өдрүүдэд улам бүр ширүүсч байгаа бөгөөд Украины зүгээс аливаа халдлагад огт холбогдолгүй, үүнд зөвхөн ОХУ буруутай хэмээн үгүйсгэж тайлбарласаар байна.
Ийнхүү Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь ОХУ болон Украины хооронд үүсээд буй хурцадмал байдлыг улам бүр нэмэгдүүлж буй гэсэн ойлголтыг зах зээлийн ажиглагчид авлаа. Барууны ажиглагчид одоо ОХУ Украиныг эзлэх магадлал илүү өндөр болсон гэсэн дүгнэлт хийж байна. Ингэснээр геополитикийн хүчин зүйлсийн нөлөө ихсэх үед болдог уламжлалт өрнөлийн дагуу хөрөнгийн захын үзүүлэлтүүд доошлох хандлагатай болж эсрэгээр алт зэрэг баталгаат хөрөнгө оруулалтын хувилбарууд нэмэгдэж ирлээ.
ОХУ-ын газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол улам бүр даамжирч Брэнт газрын тосны ханш баррель тутамдаа 97 ам.долларт хүрч өслөө. Энэ нь сүүлийн долоон жилийн хугацаан дахь дээд түвшин болсон бөгөөд яг одоогийн байдлаар Брэнт тос 94 ам.доллар/баррель болж буугаад байна. Мөн алтны ханш 1911.6 ам.доллар/унц-д хүрч сүүлийн зургаан сарын хугацаан дахь дээд хэмжээнд очжээ.
Хойд хөршийн үйлдэлд НАТО болон Герман, Франц, Их Британийн тал ихээхэн шүүмжлэлтэй, сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бол АНУ-ын зүгээс эхний ээлжинд Украины салан тусгаарлагч хоёр бүс нутагт тус улсаас ямар нэг хөрөнгө оруулалт, худалдаа хийхийг хориглосон шийдвэр гаргажээ.
Украины тал үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахыг хүсчээ.
Путин, Байден нарын хооронд Украины асуудлаар хийх уулзалт болох найдвар одоо илүү эргэлзээтэй болсныг хэвлэлүүд тэмдэглэж байна. Европын холбоо ОХУ-ын эсрэг ямар хориг арга хэмжээ авах нь анхаарлын төвд байна.
Б. Төгс