“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэрлэлт зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан төмөр замын ачаа, тээвэрлэлтийн талаар (2022.02.25) мэдээллээ. Тэрбээр “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-наас экспортын зарим ачаанд БНХАУ-ын талаас хориг тавьж өдөрт зургаан галт тэрэг хүлээн авч байсан. Өнөөдрийн байдлаар хориг бүрэн цуцлагдаагүй ч нэг хоногт 10 галт тэрэг экспортод гарч байна. Хоёр улсын хэлэлцээрээр 14 галт тэрэг гарах ёстой байдаг. Хоёрдугаар сарын 11-нээс хойш 1200 орчим вагон, 85000 тонн зэсийн баяжмал БНХАУ-д хүлээлгэн өгсөн. “Улаанбаатар төмөр зам” ХНН цаашид экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талд санал тавин, цахим уулзалт зохион байгуулж байна” хэмээн хэллээ.
Хурлын төгсгөлд Замын-Үүдээс бусад автозамын боомтын тээврийн талаар мэдээлэл өглөө. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга О.Энхбат “Ханги хилийн боомтоор 50-60 тээврийн хэрэгслээр 100 гаруй чингэлэг нүүрс, Гашуунсухайт автозамын боомтоор 100 орчим тээврийн хэрэгсэл нүүрс, зэсийн баяжмал ачсан 32 машинаар экспорт хийж байна. Харин Булган боомтоор өдөрт дунджаар 120-150 тээврийн хэрэгсэл нүүрс экспортлодог” гэв.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам