Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

П.Очирбат:  Шилжилтийн хүнд үед малчид, уурхайчид Монголыг авч гарсан

“The Mongolian Mining Journal” сэтгүүл Уул уурхайн салбарын 100 жилийн ойд зориулж, “Зууны алдартан” булан нээж, сар бүр нэгэн эрхмийг танилцуулахаар төлөвлөөд байна. Энэхүү булангийн анхны зочин маань уулын инженерээс улсын Ерөнхийлөгч хүртэл ажиллаж, уул уурхайн салбарт олон зүйлийг хийж бүтээсэн Пунсалмаагийн Очирбат юм. Уул уурхайн салбарт хагас зуу гаруй жил ажилласан түүний 80 насны ой энэ жил тохиож байгаа юм. Уурхайчин хүн Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан нь уул уурхайн салбарынхны бахархал билээ.

Р.Ренчиндулам

-Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсч хөгжөөд 100 жил болжээ. Энэ 100 жилийн талаас илүүд нь та ажиллаж, хүч хөдөлмөр, оюун санаагаа уул уурхайн салбарт зориулсан байна. Тэгэхээр энэ салбарын талаар ихийг ярих хүн нь яах аргагүй та. Анх таныг энэ салбарт ажиллаж эхэлсэн үеэс ярилцлагаа эхэлье. Тухайн үед уул уурхайн салбар яг ямар байдалтай байсан бэ. Одоогийнхоос юугаараа ялгаатай байв?
-Намайг 1965 оны сүүлээр Ленинградын Уул уурхайн дээд сургууль төгсөж ирэхэд Аж үйлдвэрийн яамны хүнд үйлдвэрийн хэлтэст мэргэжилтнээр томилж ажиллуулсан юм. Энэ үед Үйлдвэрийн эрдэс, түүхий эд, түлшний нөөц, өнгөт болон ховор металл, химийн үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг илрүүлэн арвижуулж улмаар олборлох, боловсруулах үйлдвэрийн зохих салбарыг гуйвалтгүй хөгжүүлэх, түлш, эрчим хүчний салбарыг түрүүлүүлэн хөгжүүлэхээр заасан Монгол Ардын хувьсгалт намын программыг хэрэгжүүлэх их ажил өрнөж байсан үе. 1966 он гэхэд Завхан, Архангайгаас бусад аймагт нүүрсний уурхай байгуулагдсан буюу байгуулагдаж эхэлж байлаа. Түлш, эрчим хүчний цогцолбор болгохоор Дархан Сэлэнгийн бүсэд Шарын голын уурхай, төвийн бүсэд Налайхын уурхай, зүүн бүсэд Адуун чулууны ил уурхай ажиллаж байлаа. Өнгөт металлын уурхайгаас Ерөөгийн алтны уурхай, Түмэнцогт, Бүрэнцогт, Их хайрханы гянт болдын уурхай, Бэрхийн хайлуур жоншны уурхай ажиллаж байв. Монгол Зөвлөлтийн хамтарсан “Совмонгол металл” нийгэмлэгийн үед (1949 он) уурхайнуудын хүчин чадал бага, техник технологийн хувьд хуучивтар, тооны хувьд цөөвтөр байжээ. Гадаад худалдаанд жин багатай, нэр төрөл цөөн байсан. Одоо Монгол улс нүүрсний 40 шахам, алтны 20 гаруй, зэс молибден, цайр, хар цагаан тугалга, гянт болд, төмөр жоншны 20 гаруй уурхайтай болсон байна.

-Яагаад уулын инженер мэргэжлийг сонгосон бэ. Зорилго тэмүүллээр дүүрэн залуу хүн энэ салбарт ажиллаж эхлэхэд хүндрэлтэй зүйл нь юу байсан бэ?
-Энэ мэргэжлийг би өөрөө сонгоогүй. Хувь тавилан надад энэ мэргэжлийг хуваарилж өгсөн хэрэг. Аравдугаар ангиа төгсөөд сэтгүүлч болохоор саналаа өгсөн чинь сурлага сайтай хүүхдийг техникийн сургуульд явуулна гээд өнгөт металлын боловсруулалтын мэргэжлээр сургана гээд Аж үйлдвэрийн яамны боловсон хүчин шийдсэн хэрэг. Тэгээд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуульд очиж суралцаад уулын инженерийн мэргэжил эзэмшсэн юм. Яамны ажил мэдэхгүй, туршлагагүй, нас залуу болохоор “том дарга” нар тоодоггүй тал байлаа. Жишээлбэл, Тавантолгойн уурхайг улсын үйлдвэр болгох Сайд нарын зөвлөлийн тогтоолын төсөлд виз авахаар Үйлдвэр, хоршооллын дарга н.Дэмчиг гуайтай уулзахад “Хүний бэлэн үйлдвэрийг булааж авах гэнэ ээ. Чи инженер юм бол өөрөө уурхай байгуулахгүй юу!” гэж загнаад виз өгөөгүй жишээтэй. Өвөрхангай аймгийн дарга Баянтээгийн нүүрсийг нүүрс биш, шар өнгөтэй чулуу гэж загнав, Хэнтий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Чандаган талын уурхайн нүүрсийг чүдэнз зурахаар асдаггүй чанаргүй нүүрс гэж голох мэтээр загнаж, би загнуулж байлаа. Орон нутгийн бүх нүүрсний уурхайгаар явж техникийн шинэчлэл хийх асуудлыг боловсруулах, шинээр барих уурхайнуудын төслийн даалгавар боловсруулж зураг төслийн товчоонд өгөх ажлуудыг хийх, энэ зорилгоор яамны орлогч сайд Я.Гомбосүрэнг дагаж Баянтээг, Зээгт, Цагаан Овоогийн уурхай, П.Дамдин сайдыг дагаж Нүүрст хотгор, Баянтээг, Шарын голын уурхайнуудаар явж ажил байдалтай нь танилцаж, танилцуулж сайд нартаа шалгуулж явлаа.

-Энэ салбарт таны хийсэн зүйл олон. Онцлох тавыг нь дурдахгүй юу?
-Миний бие уул уурхайн салбарт яамны мэргэжилтэн, Шарын голын уурхайн ерөнхий инженер, Түлш, эрчим хүч, геологийн яамны уул уурхай хариуцсан орлогч сайд, Түлш, эрчим хүчний яамны сайд зэрэг албан ажлыг эрхлэн гүйцэтгэсэн байна. Гадаад харилцааны салбарт болон төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа ч уул уурхайн салбарын талаар санаа тавьж ажилладаг байсан. Тухайлбал, “Алт” хөтөлбөрийг Ерөнхийлөгч байхдаа санаачлан мэргэжлийн ажлын хэсэг томилон боловсруулж Засгийн газрын төсөл болгон хэрэгжүүлж байлаа. Үүнийг чухал зүйлийн нэгд оруулж болно. АНУ-ын Ерөнхийлөгч Буштай уулзахдаа Америкийн сонирхлыг Монголд үүсгэхэд газрын тосны салбарт хамтарч ажиллах тухай ярьж “Соко Интернэшнл” компани Монголд нефтийн хайгуул хийж Тамсагийн 19-р цооногоос нефть гаргаж байлаа. Яамны орлогч сайд байхдаа Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ, зураг төслийн даалгавар боловсруулах, тэдгээрийг батлуулах ажлыг зохион байгуулж, зураг төслийн уулын ажлын хэсэгт ашиглалтын систем, уулын горимыг төслөөс өөрчлөх санал гаргаж хэрэгжүүлсэн. Тэр сэдвээрээ техникийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Эрдэнэтийн хамтын үйлдвэрийн зөвлөлийн Монголын хэсгийн анхны даргаар ажиллаж хамтын үйлдвэрийн зохион байгуулалтын анхны шийдвэрийг гаргаж хамтын үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнийг мөн чухал ажлын нэгд тооцож болно. Алт, зэс, ураны хүдрийг уусган баяжуулах онолын судалгааг хийж Эрдэнэтийн “Эрдмин”, Ар наймганы алт, “Хараатын” уран зэрэг ордод ашиглах физик-химийн геотехнологиор ашиглах судалгаа хийж зарим нь үйлдвэрт нэвтэрсэн. Энэ бол уул уурхайн олборлож боловсруулах технологийн шинэ чиглэл юм. 

Шарын голын уурхайн хүчин чадлыг жилд 2.5 сая тонн, Налайхын уурхайг жилд 800 мянган тонн нүүрс гаргах өргөтгөлийн ажлыг эхлүүлж 53-р бремсбергийн малталтыг хийлгэж уурхайн баруун хойд жигүүрийн нүүрсийг ашиглаж эхэлсэн. Багануурын уурхайн зураг төслийг боловсруулж батлах, уурхайг барьж байгуулах ажлыг зохион байгуулж төвийн районы түлшний хангамжийг сайжруулсан зэргийг дурдаж болно.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат шинэ Үндсэн хуулийн уг эхийг гарын үсэг зуран батламжлав. 1992 он.

П.Очирбат НҮБ-ын индэр дээрээс Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс болсныг зарлаж байна, 1992 он 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Дорнод аймгийн Тамсагийн газрын тос өрөмдөх талбайд, 1997 он

Профессор П.Очирбат Казатомпром Харасан үйлдвэрийн  Шар нунтгийн цехтэй танилцав. 2016 он.

-Монголд газрын тос илэрч, төрийн тэргүүний хувьд Та тэнд очихдоо дээлийн энгэрээ мялааж явсан агшныг монгол хүн бүр санадаг. Түүнийг харсан хүн бүр монголчууд тосоо нэрээд машиндаа хийгээд давхина гэж бодсон. Гэвч одоо ч бид газрын тос боловсруулах үйлдвэргүй, газрын тосноос олсон ашиг багатай л байна. Монголд үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн гол шалтгааныг та юу гэж хардаг вэ. Олон жил энэ салбарт ажилласан хүн болохоор алсыг харсан, голыг нь олсон зүйл хэлэх байх гэж бодож байна?
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Монголын эдийн засгийн хөгжлийн ирээдүйг төсөөлж “Азийн нэгэн бар болно” гэж хэлсэн. Аж үйлдвэржсэн Азийн орнуудын туршлага, туулсан зам, хүрсэн түвшнийг судлаад түүнд үндэслэн хэлсэн миний үг л дээ. Эдийн засаг, санхүүгийн хуримтлал муутай манайх шиг орон Азийн бар болохын тулд давын өмнө гадаадын хөрөнгө оруулалтыг татаж олон хэлбэрийн санхүүжилт бүхий үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой байсан. Энэ аргыг хэрэгжүүлж эхэлсэн боловч ихэнхийг нь хөөж гаргасан. Ганц үлдсэн нь Оюутолгой. Бар болох хоёр дахь зам нь экспортыг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэгдсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаадад гаргах зам юм л даа. Үйлдвэрийн хэрэгсэл нь ашигт малтмал байдаг ганц салбараа түшиглэн уул уурхайн аж үйлдвэрээ хөгжүүлж экспортынхоо 90 орчим хувийг зөвхөн энэ салбараас хангаж байна. Энэ бол эрдэс баялгийн салбарын хөгжлийн стратегийг зөв боловсруулан хэрэгжүүлж байгаа Монголын уул уурхайн салбарынхны гавьяа. Нийгэм эдийн засгийн шилжилтийн хүнд үеийг Монголын малчид, уурхайчид аварч гарсан. Хоёр талаасаа хаалттай болсон хүнд үед Монголын уурхайчид, уул уурхайн салбарынхан аварч зөвхөн экспортын төдийгүй эрчим хүч, дулаан цахилгаан, ус хангамж, нийтийн үйлчилгээ, өр төлбөр бүхний төлбөрийг дааж төлж байна. Ингээд байхад эх орны баялгийг цөлмөн гадаадынханд өглөө гээд уул уурхайн салбарынхныг харааж зүхээд байдаг нь хачирхалтай. Зүү, хуруувчнаас эхлээд онгоц, вагон, галт тэргээ хүртэл гадаадаас авдаг Монгол улс эд бүхнийхээ оронд юу өгөх юм бэ? Бар болохын тулд хийх гурван чухал ажлын нэг нь гадаадын хөрөнгө оруулалт, нөгөө нь экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гурав дахь нь хүн болгон ажил хийж хөдөлмөрлөх. Энэ гурван нөхцөлийг хангахгүй байгаа учраас манайд үйлдвэрлэл хөгжихгүй байгаа  юм.

-Та “Алт” хөтөлбөрийг эхлүүлсэн нь маргаангүй үнэн.  Тухайн үедээ Монголын эдийн засгийг аварсан хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн сайн болон сул талыг нь нэрлэ гэвэл?
-Сайн тал нь гэвэл нэгдүгээрт, Монгол Улсын төлбөрийн үндсэн эх үүсвэрийн алтан баталгаа нэмэгдсэн. Хоёрт, Монголд алтны аж үйлдвэрийн дэд салбар үүсэн хөгжиж алтны экспорт нэмэгдсэн. Алт авралын од болж яваа. Сул  тал нь гэвэл алт олборлосон газрынхаа нөхөн сэргээлтийг хугацаанд нь бүрэн гүйцэд хийхгүй байгаль орчныг гэмтээж бохирдуулж байна. Гол буруутан нь энд тэндгүй газар сэндийлж гол, горхины ус булингартуулж яваа “нинжа” нар байна. Би саяхан “Дэлхийн алтан хэвлий” гэдэг судалгааны ном бичиж нийтлүүлсэн. Тэндээс дэлхийн алтны түүхийг үзэж болно.

-80 насны өндөрлөгөөс харахад Монголын уул уурхайн салбарт ямар бодлого дутагдаж байна вэ?
-Уул уурхайн салбарын талаар төрийн тодорхой, тогтвортой бодлого хэрэгтэй. Уул уурхайд популизмаар хандаж болохгүй. Геологи хайгуул хийж орд газрыг олохгүй бол уул уурхай хөгжихгүй гэдгийг мэдмээр юм даа. Ашигт малтмалыг эрж хайж олохоос эхлээд уурхай байгуулж ашиглаж эхлэх хүртэл урт хугацаа хэрэгтэй. Тухайлбал, Эрдэнэтэд  16 жил, Оюутолгойд  27 жил зарцуулсан байна. Энэ нь хайгуулын лиценз авч хайгуулын ажил эхэлснээс хойш гүний уурхай байгуулах ажил дуусаж, ашиглалт эхлэх хүртэл хугацаа. (1995-2022 он). Товчхондоо уул уурхайгаа хөгжүүлэх үү, эсвэл хаах уу гэдгээ төр үгээ хэлж бодлогоо тодорхойлж шийдвэрээ гаргаж ард түмэндээ мэдэгдэж дэлхийд зарлах хэрэгтэй.