Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Чилийн олборлолт буурснаар зэсийн ханш 2.9%-иар өсөв

Дэлхийн зэсийн хамгийн том нийлүүлэгч Чили улсын зэсийн олборлолт өнгөрсөн нэгдүгээр сард 2011 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна. Тодруулбал өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын зэс олборлолт 429.9 мянган тоннд хүрсэн нь өмнөх сарынхаасаа 15%-иар, өмнөх оны мөн үеийнхээс 7.5%-иар тус тус буурсныг Чилийн стастикийн газар даваа гаригт мэдээлжээ.

Ийнхүү тэргүүлэх олборлогчийн гарц буурсан сургаар Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр зэсийн ханш мягмар гаригийн байдлаар өмнөх өдрийнхөөсөө 2.9%-иар өсч тонн тутамдаа 10087 ам.долларт хүрлээ.

Харин Лондоны металын бирж дээр ханш төдийлөн савлаагүй ч тус бирж дээр зэсийн агуулах дахь нөөц 72.9 мянган тонноор илэрхийлэгдсэн нь буурах хандлагатай байгааг илтгэнэ.

"S&P Global" түүхий эдийн зах зээл судалгааны байгууллагын хувьд цаашид ОХУ, Украины мөргөлдөөний улмаас хойд хөршийн эсрэг авах хориг арга хэмжээ улам чангарч болзошгүй байгаа нь зэсийн нийлүүлэлтийн хомсдол үүсгэх аюултайг онцолжээ. Учир нь хойд хөршийн хувьд зэсийн томоохон олборлогч бөгөөд жилд 800 гаруй мянган тонн зэс үйлдвэрлэлээр дэлхийд эхний долдугаарт (2020 оны байдлаар) ордог. Өөрөөр хэлбэл ОХУ-ын гадаад худалдааг хязгаарласан илүү хатуу хориг үйлчлэх дүр зурагтай байгаа нь аль хэдийнэ нийлүүлэлт нь хумигдаад буй зэсийн зах зээлд бүр илүү хүндрэлийг, зарим тохиолдолд хомсдол дагуулж болзошгүй ажээ.

 

 

Б. Төгс