Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Брэнт газрын тосны ханш 119.78 доллар/баррель болж өсөв

Брэнт газрын тосны ханш 2012 оны дөрөвдүгээр сараас хойших дээд хэмжээнд хүрч өсөөд байгаа бөгөөд одоогийн байдлаар нэг баррель нь 119.78 ам.доллартай тэнцжээ. 

Эх сурвалж: investing.com

Орос, Украины хооронд үүссэн мөргөлдөөний улмаас барууны орнууд хориг арга хэмжээ авах болсон нь газрын тосны томоохон олборлогч хойд хөршийн нефть экспортод томоохон цохилт болно гэж шинжээчид үзэж байна. ОХУ нь газрын тосны экспортоор дэлхийд дээрээсээ хоёрт ордог. Энэ нь худалдан авагч, хэрэглэгчдэд мөн давхар дарамт болох нь дамжиггүй. Гэвч нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК болон түнш орнуудын лхагва гаригийн уулзалтаар газрын тосны гарцыг ирэх дөрөвдүгээр сард урьдны төлөвлөгөөний дагуу 400 мянган баррель/өдөр-өөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Зах зээлд уг уулзалтаас арай илүү хэмжээгээр нэмэгдүүлэх хувилбарыг хүсэн хүлээж байсан гэж хэлж болно. ОПЕК-ийн орнуудын хувьд өнгөрсөн оны наймдугаар сараас хойш сар тутам гарцаа 400 мянган баррель/өдөр-өөр нэмэгдүүлэхээр тогтсон. Гэвч сүүлийн хэдэн сарын турш олборлолтоо зорилтот хэмжээгээр өсгөж чадахгүй байгаа юм. Томоохон хэрэглэгч орнууд ОПЕК-ийг олборлолтоо илүү дорвитой нэмэгдүүлэх хүсэлтийг илэрхийлж буй ч тус байгууллагын хувьд одоогийн ханшийн өсөлт нь эрэлт, нийлүүлэлтийн харьцаанаас болоогүй тул олборлолтоо урьдны төлөвлөсөн байдлаар өсгөнө гэж тайлбарлажээ.

Ийм нөхцөлд газрын тосны ханш улам бүр өссөөр байна.

ING банк хэрэв ОХУ-ын газрын тосны нийлүүлэлт бүрэн тасалдахад хүрвэл зах зээл дэх ханш 150 ам.доллар/баррель-ийн түвшинд очихыг сануулжээ. Гэхдээ тус улсын нийлүүлэлт бүрэн тасалдах магадлал бага бөгөөд Хятад, магадгүй Энэтхэг улс Оросоос авах хэмжээгээ нэмэгдүүлэх дүр зураг тодорч байгаа ажээ. ING энэ онд нефтийн ханш дунджаар 96 ам.доллар/баррелиар хэмжигдэнэ гэж төсөөлж байна.

ОХУ-ын Уралс газрын тосны хувьд Брэнт тостой харьцуулахад 18.3 ам.доллараар хямд үнээр худалдаалагдах болсныг Platts мэдээлсэн байна. Гэхдээ энэ байдал нь Уралс тосны хувьд худалдан авагчдыг татах нөхцөл болохыг шинжээчид тайлбарлажээ.

 

 

Б. Төгс