Монголын нүүрсний экспортын хамгийн том суваг болох Гашуунсухайт-Ганцмод боомтоор 159 нүүрсний машин нэвтэрсэн (2022.03.02) тухай "Фэнвэй Энержи" мэдээлсэн байна. Ингэснээр өдөрт боомтоор нэвтрэх машины тооны хувьд 2021 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хойших хугацаанд хамгийн олон тээврийн хэрэгсэл нэвтэрсэн тохиолдол боллоо.
Сүүлийн зургаан өдрийн турш тус боомтын нэвтрэлт дараалан өсөлттэй гарчээ.
ОХУ, Украины мөргөлдөөний улмаас Хятадын коксжих нүүрсний импортлогчдод томоохон хүндрэл тулгарч болзошгүй байна. Тодруулбал барууны орнуудын хойд хөршийн эсрэг авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-ын томоохон банкуудыг олон улсын төлбөр тооцооны SWIFT сүлжээнээс хасах болсон. Энэ нь нүүрсний худалдаачдад валютын төлбөр тооцоонд хүндрэл учруулахаар байгаа тул өөр улсын нүүрсний эх үүсвэрийн тухай бодолцох болжээ. Гэвч Хятадын худалдаачдын хувьд Австралийн нүүрсний импортод албан бус хориг тавьсан төдийгүй АНУ, Канадаас авчрах нүүрсний тээврийн зардал хэтэрхий өндөр байгаа нь хүндрэл дагуулж буй ажээ. Хятадын хувьд коксжих нүүрсний хэрэглээнийхээ дийлэнхийг дотоодоос нийлүүлдэг ч импортын чанар сайтай нүүрсний хангалтыг тогтвортой байлгах нь маш чухал юм.
Сүүлийн гурван өдрийн турш Хятадын дотоодын зах зээлд коксжих нүүрсний ханш өсөх хандлагатай байна. Тухайлбал Хятадын нүүрсний гол бүс нутаг болох Шанси мужийн сайн чанарын, хүхэрлэг багатай коксжих нүүрсний ханш (2022.03.02) 2763 юань/тонн болж өмнөх өдрийнхөөсөө 60 юаниар нэмэгдсэн. Мөн өдөр Далианы түүхий эдийн бирж нэг тонн коксын үнэ 2.82%-иар өсч 3460 юаньд хүрсэн тухай "Фэнвэй Энержи" мэдээлжээ.
Австралийн коксжих нүүрсний ханш энэ долоо хоногт 475 ам.доллар/тонн (FOB нөхцөлтэй) - д хүрч өссөнөөр түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Энэ нь мөн л зах зээлд нийлүүлэлтийн хувьд тогтворгүй байдал нэмэгдсэнтэй холбоотой. Гэхдээ худалдан авагчид нөхцөл байдлыг ажиглаж хүлээлтийн байдалтай байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Харин Австралийн Newcastle боомт дээр эрчим хүчний нүүрсний үнэ оргил (446 ам.доллар/тонн) түвшнээс нэлээд буурч 370 ам.доллар/тонн болжээ.
Б. Төгс