Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

ОПЕК: ОХУ-ын нефтийн нийлүүлэлтийг орлуулах боломжгүй

Нефть экспортлогч орнуудын байгууллага болох ОПЕК сүүлийн үед өрнөж буй газрын тосны ханшийн хэлбэлзэлд хяналт тогтоох боломжгүйг мэдэгджээ. Учир нь уг ханшийн өсөлтийн гол шалтгаан нь геополитикийн асуудлаас үүдэлтэйг ОПЕК онцолжээ. Мөн ОХУ-ын нийлүүлэлтийг хасах нөхцөлд үүнийг нөхөх боломж дэлхийн хэмжээнд байхгүй ажээ. ОПЕК-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндо ОХУ нь өдөрт долоон сая баррель нефть экспортолдог нь дэлхийн нийт нийлүүлэлтийн 7%-тай тэнцэх бөгөөд үүнийг орлох хүчин чадал дэлхийд байхгүйг өнгөрсөн даваа гаригт болсон хурлын үеэр тайлбарлажээ.

Брэнт маркийн газрын тосны ханш өнгөрсөн даваа гаригт 139 ам.доллар болж өссөнөөр сүүлийн 14 жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшинд хүрсэн юм.

АНУ болон Европын холбоо ОХУ-ын нефть, байгалийн хийнд хориг тавих асуудлыг хэлэлцэх болсон тухай мэдээлэл даваа гаригт өргөн тархсан нь ханш өсөхөд нөлөөлсөн. ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак өчигдөр барууны орнуудын хориг арга хэмжээгээ чангатгах тухай шахалтад хариу болгож АНУ болон Европ руу газрын тос, байгалийн хий экспортлохоо зогсоох боломжтой бөгөөд өөр зах зээл бэлэн байгааг сануулсан. Түүнчлэн “Хойд урсгал – 2”-ыг зогсоосны хариуд одоо ашиглагдаж буй “Хойд урсгал – 1”-ийн хийн нийлүүлэлтийг таслах боломжтой. Ийм шийдвэрийг одоохондоо хараахан гаргаагүй байгаа ч, Европын эрх баригчдын үг, үйлдэл нь ийм байдал руу түлхсээр байгааг Александр Новак анхааруулжээ. Түүнчлэн тэрбээр ОХУ-ын нефтийн нийлүүлэлтийг тасалснаар зах зээлд нэг баррель газрын тосны ханш 300 ам.долларт хүрч болзошгүйг тэмдэглэлээ. Зарим шинжээч, судалгааны байгууллага аль хэдийнэ 250-300 ам.долларын ханшийн төлөвийг дэвшүүлээд эхэлсэн байна. 

ОХУ-ын байгалийн хий, нефтийн нийлүүлэлтийг өөр эх үүсвэрээс бүрдүүлэхэд асар хүндрэлтэй, бараг боломжгүй тул эрчим хүчний салбар, түүнчлэн Европын металлургийн салбарт хүндхэн нөхцөл үүсэх нь өдөр ирэх бүр тодорхой болж байна.

АНУ-д аль хэдийнэ шатахууны үнэ эрчимтэй өсөөд эхэлсэн ч ОХУ-аас газрын тос импортлохоо зогсоож байгаагаа өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ. Тэрбээр дэлхийн хэмжээнд ОХУ-ын нефтийг орлох нөөц бололцоо байгааг мэдэгдэл хийх үеэрээ тэмдэглэсэн. Их Британи оны сүүлээр адилхан арга хэмжээ авах төлөвтэй байгаа юм. Харин Европын холбооны хувьд ийм эрс арга хэмжээ авахгүй ч ОХУ-аас авдаг байгалийн хийн хэмжээгээ эрчимтэй бууруулах төлөвлөгөөг танилцуулаад байгаа юм.

АНУ нь нефтийн импортынхоо 8%-ийг ОХУ-аас хангадаг бөгөөд Их Британи нь байгалийн хийн нийлүүлэлтийн 4%-ийг хойд хөршөөс авдаг байна. Иймээс эрс хатуу хориг арга хэмжээ зарлахад илүү хялбар байгаа бол Европын холбооны хувьд байгалийн хийн хэрэглээнийхээ 40%-ийг ОХУ-аас авдаг бөгөөд газрын тосны хувьд ч 30 орчим хувийн хамааралтай байдаг. Хамгийн гол асуудал нь ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт тогтвортой, хямд байдаг бөгөөд өөр эх үүсвэрийг сонгох нөхцөлд үнэ огцом өсөх үр дагавартай юм.  

 

 

Б. Төгс