Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

“Транзит Монгол”-ыг цогцлоох төмөр замын МЕГА эхлэл

Б. Төгсбилэгт


Монгол Улс урд хөрш БНХАУ-тай ганцхан сувгаар төмөр замаар холбогдсон байдаг бол нэмээд 4, нийт 5 чиглэлд холбогдохоор Засаг хөдөлж эхэллээ. Төмөр замын бүтээн байгуулалтын их өрнөлийн чимээ сонстоно. Цар тахлын дараах сэргэлтийг хэрэгжүүлж, түүхий эдийн экспортын урсгалыг баталгаажуулан шийдвэрлэхийн сацуу алсдаа Ази-Европыг холбосон тээвэрт томоохон тоглогч/оролцогч “Транзит Монгол” болох ирээдүйн төлөв тодорч байна. Эрх баригчид яг ийн тайлбарлаж эхэллээ. Одоо байгаа цорын ганц төмөр замын суваг болох Замын-Үүд-Эрээний боомт дээр нэмэгдээд Гашуунсухайтын нүүрсний төмөр зам энэ онд ашиглалтад орно. Баярт мэдээ Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг ашиглалтад хүлээж авснаар улам баяжигдан 2022 оны өнгийг тодорхойлж өгнө.

Засаг энэ хоёр замыг зөвхөн эхлэл болохыг тэмдэглэж байна. Төмөр замын бодлогын хүрээнд одоогоор гагцхүү төв шугамд түшиж буй манай улс Баруун болон Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын ажилд ханцуй шамлан орохоор зэхэж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-нд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт орсноор Арцсуурь-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам байгуулахаар тусгаж Баруун босоо тэнхлэгийн чиглэл баталгаажсан. Зүүн босоо тэнхлэгт Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлд 420 км урттай томоохон бүтээн байгуулалт өрнөснөөр төмөр замын зүүн коридорын шугам  бий болно. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар манай улсын төмөр замын нийт урт одоо байгаагаас 2725 км-ээр сунаж 4700 орчим км болох тухай нэгдүгээр сард ихэд бахдангуй мэдэгдсэн. Энэ хоёр босоо тэнхлэгийн төмөр замыг барьж байгуулах ажлыг дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтаар хийх үүрэг “Монголын төмөр зам” компанид оногдсон. Тодруулбал, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод заасан I, II үе шатанд барих Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаас бусад төмөр замын суурь бүтцийн “барих-ашиглах-шилжүүлэх” концессыг “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлж байна. 

Харин Зүүнбаян-Хангийн чиглэлд 269 км үргэлжлэх төмөр замыг энэ онд буюу асар хурдан хугацаанд барьж байгуулахаар Засаг ам гарав. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн концессын сонгон шалгаруулалтыг хоёрдугаар сард амжуулж, бүтээн байгуулалтыг гуравдугаар сарын эхний хагаст багтаан эхлүүлж, ирэх аравдугаар сард ашиглалтад оруулах тухай Засгийн газар мэдээлсэн нь гайхал төрүүлэв. Уг төслийг 2023 онд ашиглалтад оруулах урьдчилсан тооцоо гарсан байсан. Ямартай ч Ханги руу төмөр зам татсанаар экспортын шинэ сувагтай болж, Дархан, Сэлэнгийн бүсээс Хятадын хойд хэсгийн зах зээлд төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэж хүргэх маршрутыг 318 км-ээр богиносгож (1722 км-ийг 1404 км болгох), тээвэрлэлтийн өртгийг тонн тутамд 4-8 ам.доллараар бууруулах боломж бүрдэнэ гэж тооцжээ.

Түүнчлэн Өвлийн Олимпын үеэр Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалын үеэр Монголын талаас “Нэг бүс-Нэг зам” санаачлагын хүрээнд Алтанбулаг-Замын-Үүдийг холбох олон улсын стандарт бүхий хос төмөр зам байгуулах асуудлыг санал болгоод байна. “Миний эх орон төмөр замын билээ” гэдэг шүлэг, дуу зохиох өдрүүд ойртон байх энэ цагт Засгийн газар эдгээр төслийн хөрөнгө оруулалт, үр ашгийн талаар танилцуулахгүй байгаа нь анхаарал татна. Эдгээр төсөл нь үнэн хэрэгтээ Оюутолгойн бүтээн байгуулалт өндөрлөж, шинэ хөрөнгө оруулалт шаардлагатай болсон үед эдийн засгийн өсөлтийн хурдасгуур болох нь гарцаагүй юм. Гол нь эдгээр төсөл нь үнэхээр ашигтай эсэх тухайд Засаг олон нийтэд баталгаа өгөх ёстой. Эс бөгөөс ашиггүй төслүүдийг эдийн засаг нуруундаа үүрэх болно. 

Ашиглалтад ороход бараг бэлэн болоод буй ТТ-Гашуунсухайт, ТТ-Зүүнбаянгийн төмөр замыг “Эрдэнэс Тавантолгой”-н орлогоор голчлон санхүүжүүлсэн. Учир нь, энэ хоёр чиглэлд тээвэрлэх бараа нь Тавантолгойн коксжих нүүрс байх болно. Тээвэрлэх тоглогчид нь бэлэн, зах зээл нь бэлэн учраас ашигтай чиглэлүүд. Энэ хоёр төсөл хэрэгжсэнээр ТТ-Гашуунсухайт чиглэлд 30 сая тонн нүүрс, ТТ-Зүүнбаян чиглэлд 15 сая тонн нүүрс тээвэрлэнэ. Энэ оны гуравдугаар сарын 15-нд ТТ-Зүүнбаян чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр эхэлнэ. 2022 оны долдугаар сарын 15-наас ТТ-Гашуунсухайт чиглэлд энэ жил   2.2 сая тонн нүүрс тээвэрлэх  тухай “Эрдэнэс Тавантолгой” мэдээлсэн. ТТ-Гашуунсухайт чиглэлд нэг тонн нүүрс тээвэрлэхэд 8 ам.доллар байхаар тооцсон нь уг төмөр зам жилдээ 30 сая тонныг тээвэрлэж чадвал 200 гаруй сая ам.долларын орлогыг тээвэрлэлтээс олно гэсэн үг.

Харин бусад төмөр замын тухайд хаанаас хэрхэн, ямар нөхцөлөөр санхүүжилт босгох нь тодорхойгүй байна. Нүүрсний урьдчилгаа төлбөрөөр Хятадаас санхүүжилт босгох нь амаргүй даваа болохыг харуулсан сургамж саяхных бөгөөд мартагдаагүй хэвээр. Эдгээр томоохон төмөр замаар тооцоолсон хэмжээгээр ачаа бараа тээвэрлэж, зардлаа нөхөж, ашигтай ажиллаж чадах уу гэдгийг Засгаас тодорхой зарлаагүй байгааг дахин тэмдэглэе. Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан Хятадын нүүрсний бодлогоос үзэхэд манай улсад 10-15 жилийн экспортын боломж бүхий цонх үе үлдсэнийг олон дахин сануулж байна. Эндээс харахад бидэнд төмөр замын тухайд алгуурлаж суух цаг үлдээгүй ажээ. Гэхдээ Сангийн сайд “Транзит Монгол” гэх ойлголтыг дэвшүүлж төмөр замын дэд бүтцийн ирээдүйг гагцхүү нүүрснээс хамааралгүй болохыг илэрхийлсэн. 

Транзит тээвэрт найдахаас илүүтэй, нүүрс бол яг одоогийн бидэнд харагдаж буй, шинэ төмөр замуудыг “ажилтай” байлгах гол бараа гэдэг нь тодорхой. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нүүрсний экспортыг 50 сая тоннд хүргэхээр ажиллахаа илэрхийлсэн нь шинэ төмөр замууд ажилтай байхыг баталгаажуулж өгч байна. Манай улсын нүүрсний оргил экспорт 2019 онд 36.5 сая тоннд хүрснээр тэмдэглэгддэг. Үүний дийлэнх нь коксжих/сул коксжих нүүрс, багахан хэсэг нь эрчим хүчний нүүрс юм. Оюутолгойн өргөтгөл төслийн үйлдвэрлэлээс төмөр замаар баяжмал тээвэрлэх боловч энэ нь нүүрсний дэргэд өчүүхэн гэж хэлж болно. Далд уурхай ашиглалтад орсноор уурхайгаас жилд дунджаар 0.8-1.2 сая тонн баяжмал үйлдвэрлэх тооцоо гарсан. Цагаансуваргын зэс, молибденийн уурхайн ашиглалтад орвол 300 мянган тонн баяжмал үйлдвэрлэж тээвэрлэх боломжтой. Төмрийн хүдрийн олборлолт, экспортын тухайд одоогийн 7-8 сая тоннын хэмжээнд хэлбэлзэх дүр зургаас үзэхэд манай улсын хувьд нүүрс бол төмөр замын гол бараа болж таарна. Коксжих нүүрс зах зээлд урт хугацаанд өндөр үнэтэй байх боломжтой тухай зарим судлаач таамаг дэвшүүлэх болсон нь бидэнд гуравдагч зах зээлийн тухай бодох сөхөө өгч байна. Мэдээж бидний гол зах зээл урд хөрш. Харин Хятадын коксжих нүүрсний импорт жилд 70 сая тонноор хязгаарлагддаг. Монголоос жилд 30 гаруй сая тонныг импортолж, үлдсэнийг Австрали, ОХУ, Канад, АНУ болон бусад тоглогчдоос авдаг нь тус улсын олон эх үүсвэрийг эрхэмлэдэг бодлогын шууд илрэл. Австралиас авах нүүрсний импортод Хятад албан бус хориг тавиад байгаа ч манай улсын экспортоо өсгөх горьдлого биелж өгөхгүй бүтэн жилийг ардаа үдсэн. Цар тахлаас үүдэн нүүрсний авто замын тээвэр хумигдсан үед өнгөрсөн арванхоёр болон энэ оны нэгдүгээр сард төмөр замын задгай тээвэр бараг тэг зогсолт хийсэн урьд хожид тохиолдож байгаагүй худалдааны гацааг бид мэдэрлээ. Энэ нь төмөр замтай бол бүх зүйл жигдэрнэ гэсэн бодолд эргэлзээ төрүүлсэн явдал боллоо. Мэдээж төмөр замын салбар задгай тээврээс чингэлэг рүү шилжих, холбогдох дэд бүтцийг хөгжүүлэх алхмаар цаашид асуудлаа шийдэн урагшилна. Гагцхүү эдгээр үйл явдал нь бидэнд өргөтгөл хийхээсээ илүү одоо байгаагаа илүү сайн хөгжүүлэх ёстойг харуулж, сургамж өгсөн гэж хэлж болно.

Шинэ сувгууд нь бидэнд боломж авчрах ч төмөр замаар тээвэрлэх хэдэн арван сая тонноор илэрхийлэгдэх барааг бэлэн байлгах ажил үүргийг бидэнд оноох болно. Бидний хариулт бол одоогоор зөвхөн нүүрс гэсэн үгээр хязгаарлагдана, харин нүүрсний экспортын боломжит хугацаа харьцангуй богино байж болох юм. 

Одоогийн байдлаар төмөр замын төв шугамын ажил, орлого ямархуу байгааг авч үзье. 2020 оны байдлаар манай улс нийтдээ 30 орчим сая тонн ачаа бараа төмөр замаар тээвэрлэсний 10.9 сая орчим тонн нь манай улсын экспортын уул уурхайн бүтээгдэхүүнээс бүрдсэн  байна. Мөн онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нийт тээврийн хэмжээ 30 орчим сая тонн, тээврийн орлого 770 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 36 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт бүрдүүлсэн байна. 


Монгол улсын төмөр замын тээврийн үндсэн үзүүлэлт

Үзүүлэлт                                               2020            2021

Нийт тээсэн ачаа, мянган тонн        29840.06        31193.2
Тээврийн орлого, сая төгрөг            770067.5        771201.1

Эх сурвалж: ҮСХ

 

 


“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн жишээн дээрээс манай улсад төмөр замын бизнесийн амьдрал хэрхэн өрнөж ирснийг харж болно. 2008 оноос хойш тээврийн хэмжээ, орлого 2021 оны байдлаар огцом нэмэгджээ. Гэхдээ сүүлийн хоёрхон сард Хятадын талаас төмөр замын задгай тээврийг хориглож, зөвхөн чингэлэг тээврийг нэвтрүүлэх болсноор төмрийн баяжмал, зэсийн баяжмалын тээвэрлэлт бүрэн зогссон. Энэ нь УБТЗ-ын тээврийн орлогыг хоёрхон сарын дотор 46 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Уг үйл явц дахин давтагдахгүй гэж төсөөлөхөд шинэ төмөр замын сувгууд бий болсноор УБТЗ-ын уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн биет хэмжээг бууруулж, орлого ч буурах эрсдэлтэй байна. Яг сүүлийн хоёр сар шиг УБТЗ-д орлого буурсан том цохилт мэдрэгдэнэ. 

“Улаанбаатар төмөр зам” сонгодог утгаараа үүргээ тасалдуулалгүй гүйцэтгэж амжилттай ажиллаж байна. Ахиу тээвэр, ахиу орлого. Энэ нь жилдээ 770 тэрбум төгрөгийн орлого олдог бизнес ажээ. Уул уурхайн экспортын томоохон салбаруудтай харьцуулахад төдийлөн их дүн биш ч чамлахааргүй. Гэвч УБТЗ-ын тариф одоогийн улстөрчдийн ярьж буй нүүрс тээвэрлэх шинэ төмөр замуудын тарифаас хавьгүй илүү хямд болохыг ойлгож болно. Төрөөс тарифын зохицуулалттайгаар үйл ажиллагаа явуулдгийн хувьд УБТЗ ашиг олох нь битгий хэл алдагдалтай ажилласаар ирснээ учирладаг. Төмөр замын бизнес яг одоогийн туршлагаар бизнесийн утгаараа бус зөвхөн стратегийн  чанартай  салбарын хувьд үүргээ хүндрэлтэйгээр биелүүлж байна. Харин одоо засаг шинэ сувгуудад үнэхээр зах зээлийн тарифыг нэвтрүүлж чадахгүй бол шинэ төмөр замуудыг УБТЗ-ын хувь заяа хүлээнэ.

Дээр нь Засгийн газар шинэ суваг чиглэлийг тооцохдоо ачаа барааны эргэлтийг бүрэн хэмжээнд барих явдлыг баталгаажуулах хэрэгтэй. Үгүй бол шинэ төмөр замууд тээвэрлэлтийн ачаа бараагаар “өлсөж” өөр хоорондоо тээврээ булаацалдана. Улмаар хөрөнгө оруулалтаа нөхөх, үр ашгаа өгөх асуудлууд цаасан дээрх томъёоллоос хол зөрж, бодит амьдрал дээр биеллээ олох цагт “төмөр замын тухай үлгэр” гэх гунигтай шүлэг, дуу зохиогдох болно. Засаг чухамдаа төмөр замын МЕГА эхлэлийг тавьж ахуйдаа МЕГА бараа тээвэр, МЕГА ашиг орлогыг мартаагүй гэж найднам.