Манай улс оны эхний хоёр сарын байдлаар нийт 286.4 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.65%-иар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээлсэн байна. Нефтийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр буурсан ч үнийн дүнгээр оны эхний хоёр сард 222.7 сая ам.долларт хүрч 51.4%-иар өссөн дүнтэй гарчээ. Энэ нь газрын тосны ханш дэлхийн зах зээлд өссөнтэй холбоотой.
Нефтийн бүтээгдэхүүний импортыг дотор нь задлаад харвал оны эхний хоёр сарын байдлаар, голлох түлш болох АИ-92 шатахууны импортын хэмжээ 107.7 мянган тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 57.2%-иар өсчээ. АИ-92 шатахууны импортын дундаж үнэ хоёрдугаар сард өмнөх сарынхаасаа өсөлттэй гарч, тонн тутамд 793 ам.долларт хүрчээ. Харин дизель түлшний импорт оны эхний хоёр сарын байдлаар 148.3 мянган тоннд хүрснээр өмнөх оны мөн үеийнхээс 22.6%-иар буурав.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
Улсын хэмжээнд гуравдугаар сарын 7-ны байдлаар нийт 162.96 мянган тонн шатахууны нөөцтэй байгаа тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээлсэн. Тэр дундаа А-80 автобензин 11.6 мянган тонн, АИ-92 автобензин 50.1 мянган тонн, АИ-95 автобензин 3.1 мянган тонн, дизель 95.4 мянган тонн байна. Өөрөөр хэлбэл АИ-92, АИ-95 автобензиний 38 хоногийн, А-80 автобензиний 69, дизелийн 35 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 84.1 мянган тонн буюу АИ-92 автобензиний 32, АИ-95 автобензиний 29, дизелийн 43 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа ажээ.
Газрын тосны ханш дэлхийн зах зээлд өнгөрсөн долоо хоногийн өсөлттэй харьцуулахад буурах хандлагатай байна. ОХУ, Украины хоорондох мөргөлдөөн намжаагүй байгаа ч хоёр талын дипломат яриа хэлэлцээр ахицтай болох шинжтэй төдийгүй АНУ-ын төв банк энэ долоо хоногт бодлогын хүүгээ өсгөх эсэх шийдвэрийг зах зээлийн ажиглагчид хүлээж байна.
Б. Төгс