Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” өчигдөр Туркойз Хилл-ийн 51 орчим хувийн эзэмшлээ өргөжүүлж үлдсэн 49%-ийг худалдан авах санал тавьснаа мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Нью-Йоркийн хөрөнгийн биржид “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны ханш 20.1 ам.доллараас 6.42 ам.доллараар буюу 31.89%-иар нэмэгдэж 26.5 ам.доллартай тэнцсэн байна. Ингэснээр тус компанийн хувьцааны ханш 2018 оны долдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ.
Эх сурвалж: investing.com
Торонтогийн хөрөнгийн бирж дэх Туркойз Хилл-ийн хувьцааны ханш мөн адил 32.5 орчим хувиар өсч 34 канад долларын үнэлгээнд хүрчээ.
“Туркойз Хилл Ресурс” компанийн ТУЗ-өөс хараат бус захирлууд бүхий тусгай хороо байгуулан “Рио Тинто”-ийн саналыг авч хэлэлцэх ажээ. Хэрэв Туркойз Хилл саналыг хүлээж авахгүй бол “Рио Тинто” урьдны адил Оюутолгой төслийн 33.52%-ийг шууд бусаар эзэмшсэн хэвээр үлдэнэ. Хэрэв саналыг дэмжвэл, төслийн 66% нь “Рио Тинто”-д очих бөгөөд Монгол улсын Засгийн газрын хувь эзэмшилд ямар нэг өөрчлөлт орохгүй ажээ.
“Рио Тинто”-гийн хувьд Туркойз Хилл-ийн 49% буюу нийт 99 сая орчим энгийн хувьцааг нэг бүрийг нь 34 канад доллар буюу нийт 2.7 тэрбум ам.доллараар худалдан авах санал гаргаад буй юм.
Б. Төгс