Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа - 2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг шийдвэрлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. Бодлогын хүрээнд “Монголын эдийн засгийн форум-2022” чуулга уулзалтыг дөрөвдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
Чуулга уулзалтыг угтаж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт бүхий урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан “Эрчим хүчний сэргэлт” сэдвийн дор эхний урьдчилан хэлэлцүүлэг (2022.03.21) болж өнгөрлөө.
Хэлэлцүүлгийн эхэнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Шинэ сэргэлтийн бодлого, Эрчим хүчний хөгжлийн төслүүд” сэдвийн дор үндсэн илтгэлийг тавьсан. Улмаар “Хөгжлийн төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэл”, “Эрчим хүчний салбарын үнэ тарифын тогтолцоо”, “Сэргээгдэх эрчим хүч – Ногоон хөгжил”, “Эрчим хүч – Бүсийн хөгжил” сэдвийн дор хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа.
Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг цаг алдалгүй барьж байгуулах тэр дундаа усан цахилгаан станцуудыг барих шаардлагатайг хэлэлцүүлгийн оролцогчид онцолж байв. Мөн эрчим хүчний үнэ тариф бодит өртгөөсөө доогуур тогтоогдож байгаа нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, эдгээр бүтээн байгуулалтын ажлуудыг урагшлуулахад гол саад болж байгаа төдийгүй эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх шаардлагатай талаар оролцогчид санал хэлэв.
Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт том чадлын эх үүсвэрүүд баригдаагүй нь суурилагдсан хүчин чадлын нөөц зохих түвшнээс буурч, 2021 онд эрчим хүчний системийн нийт хэрэглээний 80%-ийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, үлдсэн хэрэглээг импортоор авсан. Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд 6-7%-иар тогтмол нэмэгдэж, шинээр хэрэглэгч холбогдох нөхцөл боломж тэр хэрээр буурч байна. Мөн дулааны цахилгаан станцуудын насжилт 35-60 жил, дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил байгаа юм. Иймд шинэ эх үүсвэрүүдийг барьж, хүчин чадлаа нэмэгдүүлэх, санхүүгийн хувьд бие даасан, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна.
Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон. Хэлэлцүүлгээс гарсан дүгнэлт, санал зөвлөмжийг нэгтгэж, үндсэн форумын үеэр мөн хэлэлцэх юм.
Эх сурвалж: ЭХЯ