Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Аж үйлдвэржилтийг сэргээх арга хэмжээний хүрээнд 13 төсөл хэрэгжүүлнэ

“Монгол Улсын эдийн засгийн чуулган 2022”-ыг угтсан Аж үйлдвэржилтийн сэргэлт урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбарт баримтлах бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлага нь дэлхийн хүн амын хэрэглээнд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Иймд цахилгаан машин, батарей, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, дэд бүтцэд ашиглагддаг түүхий эдийг боловсруулж экспортод гаргаснаар нэмүү өртөг шингээх, ажлын байрыг нэмэгдүүлэх улмаар эдийн засгийн суурийг тэлэх чухал ач холбогдолтойг онцолсон.

Ирээдүйд сэргээгдэх эрчим хүчний хувьсгал хийгдсэнээр зэсийн хэрэглээ 2-3 дахин өсөх, газрын ховор элементийн хэрэглээ 6-7 дахин өсөх хандлагатай байна. Мөн коксжих нүүрсний хэрэглээ богино, дунд хугацаанд эрэлттэй бүтээгдэхүүн хэвээр байх бол гангийн хэрэглээ 2050 онд 1.5 дахин өсөх төлөвтэй байна. Иймд дээрх эрэлт, хэрэгцээнд суурилсан түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээн гадаад зах зээлд ил тод, нээлттэй зарчмаар худалдан борлуулах нь Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ил тод, нээлттэй, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх зорилгоор салбарт баримтлах бодлогыг хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалт гэсэн 5 үндсэн чиглэлээр боловсруулж, энэ хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Хөгжлийн сангийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүнд үйлдвэрийн тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Түүнчлэн тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчилж, хайгуулын ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг өнгөрөгч онд баталж, Аж үйлдвэржилтийг сэргээх арга хэмжээний хүрээнд 13 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.

Энэ хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолойн төсөл, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр, Үйлдвэр технологийн парк, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх, Оюутолгой ордыг түшиглэн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах, Алтанширээ аж үйлдвэрийн парк, Монгол ган цогцолбор үйлдвэр, Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор зэргийг бүтээн байгуулна.

Ингэснээр манай улс 2025 он гэхэд жилд 2.1 сая тонн зэсийн баяжмал боловсруулах, 422.5 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэртэй болох, 2024 онд нүүрс экспортыг 50 сая тоннд хүргэн үүн дотроо баяжуулсан нүүрсний хувийг одоогийнхоос 5 дахин өсгөх, газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээний 50-55%-ийг дотоодоосоо хангах боломжтой болох юм.

Аж үйлдвэржилтийн сэргэлт сэдэвт арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, БНЭУ-аас МУ-д суугаа Элчин сайд М.П.Сингх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Ди Ди Эй Жи” ХХК-ийн ахлах зөвлөх М.Баттөгс тэргүүтэй төлөөлөгчид оролцож “Хайгуул, олборлолт, хүнд үйлдвэрлэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

 

 

Эх сурвалж: УУХҮЯ