Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Дэлхийн банк: ОХУ-ын эсрэг хориг нь түүхий эдийн нийлүүлэлт, санхүүгийн дарамтыг нэмэгдүүлэв

Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тайланг танилцууллаа. Цар тахлын хүндрэлээс шалтгаалж Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн сэргэлт жигд бус байна. Үүнд Украин улсад болж буй дайн нь цар тахалтай холбоотой эдийн засгийн хямрал, АНУ-ын хатуу мөнгөний бодлого болон БНХАУ-ын “Тэг-КОВИД” бодлого зэргээс үүдэлтэй эрсдэлийг улам бүр нэмэгдүүлэх төлөвтэй байна" гэж Дэлхийн Банк даваа гарагт мэдэгдэв.

Украины дайн болон ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь түүхий эдийн нийлүүлэлтийг тасалдуулж, санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж, дэлхийн өсөлтийг сааруулж байна гэж Дэлхийн Банкны “Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тойм: Шуургыг сөрөх нь” тайланд дүгнэжээ. Үүнд шатахууныхаа дийлэнх хэсгийг импортлодог Монгол Улс болон Тайландын Хаант улсын, мөн түүнчлэн хүнсний импортоос хэт хамааралтай Номхон далайн арлын улс орнуудын бодит орлого буурч байна. Их хэмжээний өртэй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Монгол Улс, мөн түүнчлэн экспортоос ихээхэн хамааралтай Малайз болон Вьетнам зэрэг улс орнууд дэлхийн санхүү, эдийн засгийн цочролд өртөмтгий байхаар байна.

"Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг нь цар тахалтай холбоотой зарим нэг хүндрэлийг даван туулж, эдийн засаг нь сэргэх хандлага ажиглагдаж байсан ч гэсэн, Украины дайн эдийн засгийн өсөлтийг саарууллаа." хэмээн Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Мануэла В.Ферро хэлээд,"Манай бүс нутаг эдийн засгийн бат бөх суурь, хэрэгжүүлж буй оновчтой бодлого нь эдгээр шуургыг гэтлэхэд туслах болно" хэмээн онцлов.

Түүхий эд үйлдвэрлэгч болон төсвийн зохистой бодлого хэрэгжүүлж буй улс орнууд эдгээр хүндрэлийг харьцангуй хохирол багатайгаар даван туулах чадвартай байгаа ч гэсэн бүс нутгийн ихэнх улс орны эдийн засгийн өсөлт саарах хандлагатай байна. Бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2022 онд 5% болох төлөвтэй байгаа нь өмнөх оны 10 сард хийсэн төсөөллөөс 0.4%-иар бага байна. Хэрэв дэлхий дахинаа нөхцөл байдал улам хүндэрч, улс орнууд бодлогын хариу арга хангалтгүй байх бол эдийн засгийн өсөлт 4% хүрэх эрсдэлтэй байна. Бүс нутгийн үйлдвэрлэлийн 86%-ийг дангаараа бүрдүүлдэг БНХАУ-ын эдийн засаг суурь тооцооллоор 5%, харин нөхцөл байдал хүндрэх буюу сул тооцооллоор 4%-иар өсөх төлөвтэй байна. Бүс нутгийн бусад улс орны үйлдвэрлэл суурь тооцооллоор 4.8%, сул тооцооллоор 4.2%-иар өсөх хандлагатай байна. Үүнд хүндрүүлсэн тооцооллоор 2022 онд тус бүс нутгийн 6 сая гаруй хүний нэг өдрийн орлого нь 5.50 ам.доллараас бага болж, ядууралд нэрвэгдэх эрсдэлтэй байна.

Дайн, мөнгөний хатуу бодлого болон БНХАУ-ын эдийн өсөлт саарсан зэрэг нь цар тахлын хүндрэлийг даамжруулах магадлалтай байна. Үүнд тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудын 50-с дээш хувь нь 2021 онд өр, төлбөрөө цаг хугацаанд нь барагдуулж чадаагүй бөгөөд цаашид эрэлт, нийлүүлэлттэй холбоотой эрсдэлийн шинэ давалгаанд өртөхөөр байна. Цар тахлын үед ядууралд нэрвэгдсэн ихэнх өрхийн бодит орлого үнийн хөөрөгдлийн улмаас буурах хандлагатай болсон. Өрийн дарамтад орсон засгийн газруудын хувьд өр болон ДНБ-ийн харьцаа 2019 оноос хойш 10 нэгж хувиар нэмэгдсэн. Иймд эдгээр засгийн газрын эдийн засгаа дэмжих бололцоо нь эрс хумигдсаар байна. Үүнээс гадна, газрын тосны үнийн огцом өсөлтөөс шалтгаалж инфляцийн төсөөллийг дор хаяж 1 нэгж хувиар нэмэгдүүлэх шаардлага гарсан нь мөнгөний бодлогыг зөөлрүүлэх орон зайг хумьж байна..

"Шил дараалсан цочролоос болж ард иргэдийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, засгийн газрын эдийн засгаа дэмжих бололцоо улам бүр хумигдсаар байна” гэж Зүүн Ази, Номхон далайн бүсийн ерөнхий эдийн засагч Аадитя Маттоо дурдаад, "Төсөв, санхүү болон худалдааны бодлогын оновчтой хослолыг авч хэрэгжүүлснээр эрсдэлийг бууруулж, өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах боломжтойг” онцлов.

Уг тайланд дөрвөн төрлийн бодлогын арга хэмжээ авахыг зөвлөсөн байна. Үнийн хяналт болон хавтгайрсан халамж тусламжийг халж, айл өрх болон компаниас зорилтот бүлгийг тодорхойлон дэмжлэг үзүүлэх нь цочролоос үүдэлтэй хор уршгийг хязгаарлаж, өсөлтийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын орон зайг бий болгоно. Үүнээс гадна, санхүүгийн байгууллагуудын стрессийг үнэлэх нь активын ангиллын хөнгөлөлттэй холбоотой нуугдмал эрсдэлийг ил болгоно. Мөн түүнчлэн, төрийн зохицуулалт болон хамгаалалттай бараа, үйлчилгээний борлуулалтын бодлогыг шинэчлэх нь дэлхийн худалдааны нааштай чиг хандлагын үр ашгийг хүртэх бололцоог бүрдүүлнэ. Хөдөлмөрийн ур чадварыг дээшлүүлж, шударга өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжсэнээр шинэ дижитал технологийг нэвтрүүлэх чадавхийг нэмэгдүүлэн урамшуулах болно.

 

Эх сурвалж: Дэлхийн банк