Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Геологи хайгуулын салбар нь уул уурхайн салбарын тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэгч үндэс суурь болдог

The Mongolian Mining Journal /Feb.2022/

Монгол улсын эдийн засгийг хөтлөгч геологи, уул уурхайн салбарын өнөөдрийн амжилт ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг 1997 оноос эрчимтэй олгож эхэлсэнтэй холбоотой. Одоогоос 10 жилийн өмнөх статистикаар 2570 гаруй хайгуулын тусгай зөвшөөрлийн хэмжээнд 302 тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулж байсан бол 2021 оны эцсийн байдлаар 877 тусгай зөвшөөрлийн хэмжээнд 90 орчим тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулж байна.  Хайгуулын тусгай зөвшөөрөл эрс цөөрч, олголт удааширч байгаа гол шалтгаан нь эрх зүйн орчны өөрчлөлтүүд юм. 2010 онд Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон, 2017 онд Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгодог болсон зэрэг нь ихээр нөлөөлж байна.

Салбарын яамны зүгээс хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг илүү либеральчлах бодлого барьж байгаагаа сайд Г.Ёндон манай сэтгүүлийн 2022 оны нэгдүгээр сарын дугаарт өгсөн ярилцлагадаа хэлсэн. “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход илүү хариуцлагатай, өндөр шаардлага тавина. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлагыг өндөрсгөж, хатуу шалгууртай заалтыг хуулийн төсөлд тусгасан. Харин хайгуулийн тусгай зөвшөөрөл олголтод илүү либерал бодлого баримтална. Яамны зүгээс тусгай зөвшөөрөл олголт, хайгуулын болон уулын ажлын тайлан төлөвлөгөө зэрэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд чирэгдэл учруулдаг үйл явцыг бүрэн цахимжуулж байна” хэмээн Г.Ёндон сайд онцолсон. Хайгуулын тусгай зөвшөөрөл тойрсон асуудлаар УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Баттай MMJ-ийн сэтгүүлч Р.Ренчиндулам ярилцлаа.

Хайгуулын тусгай зөвшөөрөл нэмэгдсэнээр салбарт олон эерэг нөлөө гарна

-Хайгуулын лицензийг нэмэгдүүлэх нь эдийн засагт ямар өгөөжтэй вэ. Мөн хайгуулын лиценз олгох журамд орж буй өөрчлөлтийг дэлгэрэнгүй дурдахгүй юу?
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ажлыг эрчимжүүлснээр олон том ордуудыг шинээр нээн илрүүлж, уул уурхайн шинэ төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нэмэгдүүлнэ. Үүнийг дагаад гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэж татвар хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэнэ. 2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр улсын төсөвт олборлох салбар 3,845.5 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн. Геологи хайгуулын салбар нь уул уурхайн салбарын тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэгч үндэс суурь болдог.

“Хараат бус судалгааны хүрээлэн” (IRIM), Транспэрэнси Интернэшнл зэрэг байгууллагын уул уурхайн салбарын авлигын эрсдлийн судалгаанаас харахад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь авлигад өртөх өндөр эрсдэлтэйд тооцож, холбогдох мэдээллүүдийг ил тод нээлттэй болгох зөвлөмжүүдийг өгсөн байдаг. 

УУХҮЯ-ны зүгээс шинээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох ажлыг эрчимжүүлэхдээ олон улсын жишгийг судалж, алдаа онооноосоо суралцаж ил тод, нээлттэй шударга өрсөлдөөнийг дэмжсэн, хөндлөнгийн нөлөөллийг бууруулсан, бүх мэдээлэл олон нийтэд нээлттэй байхаар сонгон шалгаруулалтын журмыг шинэчилж боловсруулсан. Журмыг хэрэгжүүлэх эрхийг Засгийн газраас авч эрх зүйн орчинг баталгаажуулаад байгаа билээ.

Засгийн газрын агентлаг болох Худал­дан авах ажиллагааны газрын tender.gov.mn платформыг ашиглан цахим хэлбэрээр нээлттэй явуулах боломжийг бүрдүүлж буй нь шинэчилсэн журмын гол өөрчлөлт юм. Аливаа зүйл ил тод нээлттэй байх нь шударга өрсөлдөх боломжийг бүрдүүлдэг.

-Хайгуулын лиценз эзэмшигч аж ахуйн нэгжийг хэрхэн хариуцлагажуулж байгаа вэ?
Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэм­шиж буй аж ахуйн нэгжүүдийн  хариуцлагын асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг. Салбарын яамны зүгээс нэлээд өөрчлөлт, шинэчлэлт орсон Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. 

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар уул уурхайн үйл ажиллагаа эрэл, хайгуулын шатнаас эхлэн төлөвлөгдөж, хаагдах хүртэлх бүх үе шатанд нээлттэй, хяналттай байх тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ олон нийтийн оролцоо нэмэгдэх ба ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын сайн туршлагад суурилан улам бүр баталгаажуулахыг зорьж байна. 

Уг хуулийн төсөл батлагдсанаар геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, баяжуулалт, борлуулалт, байгаль орчны хамгаалалт, нөхөн сэргээлт, уурхайн хаалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, уул уурхайн эрсдэлийн удирдлага, орон нутгийн уялдаа холбоо зэрэг бүхий л асуудлыг хамарсан эрх зүйн цогц зохицуулалттай болж, манай салбарт эерэг үр дагаврууд бий болно гэж үзэж байна.

-Хайгуул явуулахад зориулан улсаас хэдэн төгрөг гаргадаг байсан бэ, одоо энэ тоо хэрхэн өөрчлөгдөөд байна вэ? 
Хайгуулын ажлыг хувийн хэвшлийнхэн буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид санхүүжилтээ өөрсдөө дааж, эрсдэлээ үүрэн хийж гүйцэтгэдэг. Улсын төсвөөс ямар нэгэн зардал гаргадаггүй. Хайгуулын ажилд хөрөнгө оруулалт хийх нь маш өндөр эрсдэлтэй бизнест  тооцогддог тул татвар төлөгчдийн мөнгийг хайгуулын үйл ажиллагаанд зарцуулдаггүй. 

-Хайгуулын лиценз авахад аж ахуйн нэгжүүд ямар хэмжээний төлбөр төлөх вэ. Үүнийг хэрхэн үнэлдэг вэ? 
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг УУХҮ-ийн сайдын 2018 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан сонгон шалгаруулалтын журмын дагуу олгож байна. Яг тодорхой мөнгөн дүн байхгүй. Аж ахуйн нэгжүүд өрсөлдөх үнийн саналаа хэрхэн яаж өгөх нь аж ахуйн нэгжүүдийн асуудал.  

-Хайгуулын лицензийг ямар ямар эрдэс баялагт олгож байна вэ. Сүүлийн үед эрчимтэй яригдах болсон “нэн чухал эрдэс” (critical mineral)-д хайгуулын лиценз олгох уу? 
Ашигт малтмалын хуулийн хамрах хүрээнд хамаарах ашигт малтмалын төрлөөр олгодог. Ер нь хайгуулын тусгай зөвшөөрөл гэдэг нь тухайн талбайн өмнөх судалгааны ажлуудыг судалж энд тийм ашигт малтмал байх боломжтой гэж үзээд авдаг. Тодорхой яг алт, яг зэс гэсэн зүйл байхгүй. Энэ нь ашиглалтын тусгай зөвшөөрөлд хамаарах ойлголт.

Газрын тос, цацраг идэвхт ашигт малтмал, түгээмэл тархацтай ашигт малтмал зэрэг тусгайлсан хуулиар зохицуулагддаг ашигт малтмалаас бусад нь гэж ойлгож болно. Нэн чухал эрдэс  гэдэг   нь  тогтсон ойл­голт биш, тухайн улс оронд зайлшгүй хэрэгтэй олборлолт нийлүүлэлт нь тогтворгүй стратегийн өндөр ач олбогдолтой эрдсийг Critical mineral гэж тодорхойлдог. Олон улсад өндөр технологийн түүхий эд газрын ховор элементүүд, цахилгаан машины үйлдвэрлэлээс шалтгаалан лити зэрэг нийлүүлэлт хязгаарлагдмал, баяжуулах технологи нь нарийн төвөгтэй  эрдсүүдийг critical mineral-д хамруулж байна. Газрын ховор элементийг Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулдаг гэдгийг бас мартах учиргүй.

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлж байж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах боломжтой. Тэгвэл хайгуулын лицензид хөрөнгө оруулалтыг чухам хэрхэн татах вэ? 
Геологийн салбарт гадаадын гэлтгүй хөрөнгө оруулалтыг татахад шаардлагатай хамгийн эхний ажил нь судалгаа гүйцэтгэх  талбайг олгох. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо ил тод, шуурхай, шударга өрсөлдөж тусгай зөвшөөрөл авах  зохицуулалтыг бий болгох хэрэгтэй. Үүний сацуу хууль эрх зүйн орчныг баталгаатай болгох, аливаа хөрөнгө оруулалтыг хадгалах, хамгаалах нь хамгийн чухал асуудал юм. Энэ тал дээр Монгол улсын Засгийн газраас анхаарч ажиллаж байна.