Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

“Монголын эдийн засгийн чуулган” Шинэ сэргэлтийн бодлогод чиглэж байна

 

“Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн дор зохион байгуулагдаж буй “Монголын эдийн засгийн форум-2022” чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт болох “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.   Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орон,  эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3% хүртэл агшсан амаргүй цаг үеийг бид хамтдаа туулж байна” хэмээн тэрээр онцолсон юм. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд дунджаар 6%-д барьж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэн, ажиллах хүчний оролцооны түвшин 65%-д хүрнэ, хилийн боомтуудын хүчин чадал 3 дахин, эрчим хүчний эх үүсвэр 2 дахин нэмэгдэнэ хэмээн Ерөнхий сайд илтгэлдээ мөн  танилцуулав.  Мөн Дэлхийн банкны группийн Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт эрхэлсэн олон улсын захирал Марселло Эстевао зочдод хандаж үг хэллээ.

“Монголын эдийн засгийн форум-2022” чуулган   нь “Шинэ сэргэлтийн бодлого-Эдийн засагт үүсч буй сорилт, боломж”, “Гадаад орчны тодорхой бус байдал, үр дагавар-Үнэ ханш, гадаад худалдаа, төлбөр тооцоо” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал, төрийн бүтээмжийн сэргэлт, авилга, хүнд суртал, төрийн өмчит компанийн засаглал, боомтын сэргэлт, тээвэр логистикийн хямрал зэрэг хэлэлцүүлгүүдээр өрнөж байна.   Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувь нь 3 боомтоор нэвтэрч, эрчим хүчний хэрэглээний 20% нь импортоор хангагдаж, хөдөө аж ахуй, уул уурхайн бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь боловсруулалтгүй, түүхий эд хэлбэрээр экспортлогдож байгааг илтгэгчид дурдлаа.

Шинэ сэргэлтийн бодлогыг төр дангаараа хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд форумын үндсэн сэдэв болгон хэлэлцүүлснээр төр, хувийн хэвшлийн төлөөлөл, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг тус бодлогыг оновчтой хэрэгжүүлэхэд чиглүүлэх боломж олгоно хэмээн чуулганд оролцогчид онцолж байлаа. 

Боомтын сэргэлт, тээвэр ложистикийн хямрал хэлэлцүүлгийн хувьд тээвэр ложистикийн тулгамдаж буй асуудлыг дунд хугацаанд шийдвэрлэх, цаашид салбарын уялдаа холбоог хангасан тээвэр ложистикийн сүлжээний төлөвлөлтийг бий болгоход төр, хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгоход чиглэж байна.

2021 оны 01 дүгээр сарын 29-нд УИХ Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг хууль нь банкны зохистой засаглал, олон нийтийн хяналттай, нээлттэй, ил тод банкны салбарыг бүрдүүлэх замаар зөвхөн банкны салбар бус, нийт санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн хөрөнгийн зах зээлийн салбар хуралдаанд оролцогчид онцолсон юм. Банкийг  хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх зэрэг арга хэмжээг авахад хуулийн зорилго оршиж байгаа аж.

“Монголын эдийн засгийн чуулган”-ы хоёр дахь өдөр буюу маргааш  үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэсний өнгө төрх сэдвээр нэгдсэн хуралдаан, төр, хувийн хэвшлийн түншлэл, уул уурхай: олборлолтоос боловсруулалт руу гэсэн сэдвүүдээр өрнөнө.   Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу Сангийн яам ”Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”-ийн төсөл боловсруулсан бөгөөд хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэжээ. Энэ талаар хэлэлцүүлэг өрнөх юм.  Харин “Уул уурхай: олборлолтоос боловсруулалт руу” хэлэлцүүлэгт  Монголын уул уурхай, үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга А.Билгүүн модератороор ажиллаж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар  панелистаар оролцох юм.

Г.Идэр