Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Рио Тинто” Симандоу төмрийн хүдрийн уурхайн төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто”-ийн ТУЗ Гвиней улсад орших Симандоу төмрийн хүдрийн уурхайн томоохон төслийг хэрэгжүүлэхийг дэмжсэн урьдчилсан шийдвэр гаргажээ. Цаашид төслийн нийт өртөг, дэд бүтцийн гэрээг үндэслэн шийдвэрийг эцэслэн баталгаажуулах тухай компанийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон (2022.04.08) компанийн жил бүрийн уулзалтын үеэр тайлбарлажээ. Уг орд нь агуулга өндөртэй хоёр тэрбум орчим тонн төмрийн хүдрийн нөөцтэй тул дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа юм. “Рио Тинто” уг ордын төслийн 45%-ийг эзэмшдэг бол үлдсэнийг Гвинейн Засгийн газар (15%), Хятадын Chinalco (40%) тус тус эзэмшдэг.

“Рио Тинто” компанийн тухайд цаашид баримтлах шинэ стратегийн гол цөм нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглэх тухай мөн хурлын үеэр зарласан байна. Улмаар хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах технологийн судалгаанд зарцуулах хөрөнгө санхүүжилтээ нэмэгдүүлж ажиллах ажээ.

Тус компанийн хувьцаа эзэмшигчид хүлэмжийн хийн ялгаруулалт багатай хувилбарыг илүүд үзэхийн хэрээр “Рио Тинто” энэ чиглэлд бодлогоо түлхүү хандуулах нь тодорхой байна. Үүний хүрээнд “Туркойз Хилл Ресурс”-ын үлдсэн хувийг бүрэн худалдаж авах саналыг өнгөрсөн сард тавьсан байж болох юм. Хэрэв Оюутолгой төсөл дэх хувь эзэмшлээ нэмэгдүүлбэл “Рио Тинто” компанийн хувьд зэсийн салбарт байр сууриа бэхжүүлэх боломж бүрдэнэ. “Туркойз Хилл Ресурс” компани “Рио Тинто”-гийн саналыг хянан шийдвэрлэх тусгай хороог байгуулаад байгаа юм. Тус хороо нь мөн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх хувилбарууд буюу нэмэлт хувьцаа гаргах болон бусад арга хэрэгслийг төлөвлөж ажиллах ажээ.

“Рио Тинто” компани мөн үүнээс гадна ОХУ-ын “Русал” компанитай хамтран эзэмшдэг Австрали дахь хөнгөн цагаан хайлуулах “Rusal Gladstone үйлдвэрийн бүрэн эзэмшигч болсноо мэдэгдээд (2022.04.07) байна. Тус үйлдвэрийн 20%-ийг “Русал”, үлдсэн дийлэнхийг “Рио Тинто” компани эзэмшдэг байсан ажээ. Харин уг шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа “Русал” мэдэгдсэн байна. Австралийн Засгийн газар өнгөрсөн сард ОХУ руу хөнгөн цагаан болон боксит нийлүүлэхийг хориглоод байгаа юм. Хэрэв цаашид Австралийн хориг цуцлагдвал “Русал”-ын хувь эзэмшлийг сэргээх ажээ.

 

 

Б. Төгс