Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг “Шивээхүрэн - Сэхээ” боомтод ажиллаж байна. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж буй юм.
Монгол Улсын нүүрсний экспортын хоёр дахь том гарц болсон “Шивээхүрэн -Сэхээ” боомт цар тахлын улмаас өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ажиллаагүй. Долоон сая орчим тонн нүүрс тус боомтод хуримтлагджээ. Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон албаны төлөөлөл тус боомтыг хэвийн ажиллагаанд оруулах бэлтгэл ажилтай танилцаж байна.
БНХАУ-ын талаас тавьсан халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, шинээр PCR шинжилгээний хоёр лаборатори байгуулжээ. Мөн чингэлэг тээврээр нүүрс экспортлох бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна.
Ажлын хэсгийн гишүүд, нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг нар боомтын үйл ажиллагааг нээхэд тулгарч буй асуудлуудаар санал солилцлоо. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Энэ сардаа багтааж “Шивээхүрэн -Сэхээ” боомтын үйл ажиллагааг нээж нүүрс экспортыг эхлүүлнэ. Эхний ээлжинд хуримтлагдаад буй нүүрсийг богино хугацаанд экспортлохоор төлөвлөж байна” гэв. Цаашид тус боомтын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд хэд хэдэн зүйл дээр БНХАУ-ын талтай тохиролцжээ.
Тус ажлын хэсэг “Цагаан дэл уул-Өлзий” болон Гашуунсухайт боомтод үргэлжүүлэн ажиллана. Шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийн хүрээнд дээрх боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх олон ажил хийгдэж буй юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээллээ.