Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Газрын тосны үйлдвэрийн түүхий тос дамжуулах хоолойн төслийн гэрээг үзэглэв

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 06-ны хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дамжуулах хоолойгоор тээвэрлэхийг шийдвэрлэсэн.

УУХҮЯ-наас “Монгол улсад газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийг олон улсад нээлттэй зарлаж, тендерт БНХАУ-ын Төрийн өмчит “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компани шалгарсан юм.

Өнөөдөр уг төслийн “Хамтран ажиллах ерөнхий гэрээ”-нд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, төслийг санхүүжүүлэгч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компанийг төлөөлж Ерөнхий менежер Жоу Диан Бин нар гарын үсэг зурлаа.

Гэрээ хүчин төгөлдөр болсноор өргөх, халаах насос бүхий түүхий тос дамжуулах 530 км урт хоолойгоор Дорнод аймаг дахь газрын тосны ордоос түүхий тос тээвэрлэгдэн Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангах юм.

“Норинко Интернэйшнл Кооперэйшн” компани түүхий тос дамжуулах хоолойг 3 жилийн хугацаанд буюу үйлдвэр ашиглалтад орохоос өмнө барьж гүйцэтгэсэн байх бөгөөд уг ажилд шаардлагатай санхүүжилтийг төслийн барилга угсралтын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлосон нүүрсээр төлөхөөр гэрээнд тусгажээ.

Тус бүтээн байгуулалтын зураг төсөл, инженерчлэл, барилга угсралтын ажлыг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас удирдан зохион байгуулж,  гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах юм.

 

Эх сурвалж: УУХҮЯ