Дэлхийн Банк Монгол Улсын эдийн засгийн тойм тайланг (2022.04.19) танилцууллаа. Эдийн засаг 2020 онд 4.4%-иар агшсан бол 2021 оны эхний улиралд хурдацтайгаар тэлсэн. Гэсэн хэдий ч өмнөх оны сүүлийн гурван улиралд эдийн засгийн өсөлт саарч 2021 оны нэгдсэн дүнгээр 1.4%-тай гарлаа. Монгол Улс болон БНХАУ-ын хил хоорондын боомтууд дээр гарч буй хүндрэл, түүнчлэн Орос-Украины дайнаас үүдэлтэй сөрөг нөлөө зэрэг нь 2022 онд эдийн засгийн өсөлтийг бууруулж, 2.5%-д хүргэж болзошгүй байгааг тайланд өгүүлсэн байна.
Монгол Улсын экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ харьцангуй өндөр байгаагийн сацуу Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг дэмжих өргөн цар хүрээтэй арга хэмжээ авсан боловч хилийн боомтуудын үйл ажиллагааны тасалдал нь гадаад худалдааны болон логистикийн хүндрэл үүсгэж, улмаар эдийн засгийн өсөлтийг сааруулсан. Үүнд 2022 оны гуравдугаар сард жилийн инфляц 14.4%-д хүрч, өрхийн бодит орлого болон хэрэглээг бууруулав. Орос-Украины дайн Монгол Улсын гадаад эрсдэлийг нэмэгдүүлснээр гадаад валютын эрэлт өсч, гадаад валютын албан нөөц буурсныг тус тайланд дурдсан байна.
Өмнөх оны эдийн засгийн өсөлтөд үйлчилгээний болон уул уурхайн салбарын сэргэлт чухал нөлөө үзүүлсэн. Гэхдээ уул уурхайн салбарын эерэг нөлөө нь 2021 оны эхний улирлаас хэтрээгүй болохыг эдийн засгийн тоймд онцолсон байна. Эдийн засгийн өсөлтийг эрэлт талаас нь задалж үзвэл дотоодын хөрөнгө оруулалт, үүний дотор уул уурхайн салбарын бараа материалын нөөцийн өсөлт бүрдүүлсэн болно. Засгийн газраас тодорхой дэмжлэг үзүүлсэн ч гэсэн хувийн хэрэглээ 2021 онд 4%-иар буурав. Гадаад худалдаанд тулгарсан саад бэрхшээл нь Монгол Улсын уул уурхайн салбарын экспортыг хязгаарлаад зогсохгүй дотоодын үйлдвэрлэлд нэн шаардлагатай орц, завсрын бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулсан байна.
Оюутолгойн ордын гүний уурхайн олборлолт 2023 оны хоёрдугаар хагаст эхлэх тул Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд буюу 2023-2024 онуудад хурдсаж 6 орчим хувьд хүрэх төлөвтэй байна.
Сүүлийн хоёр жилийн хугацааны төсвийн тэлэлт нь бодлогын орон зайг хумиад зогсохгүй, төсвийн алдагдлыг нэмэгдүүлж улмаар урт хугацааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Үүнд өндөр өртөгтэй халамжийн хөтөлбөрүүдийг хэт хавтгайруулан хэрэгжүүлсэн нь 2021 оны төсвийн зарлагыг огцом өсгөсөн. Ковид цар тахалтай тэмцэх, мөн эдийн засгийг дэмжих чиглэлээр төсвийн хүрээнд авсан арга хэмжээ нь Засгийн газрын өрийг нэмэгдүүлж ДНБ-ий 92%-д хүргэсэн (Монголбанк болон Хятадын ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг оруулан тооцсоноор).
Төсвийн нийт алдагдал ДНБ-ий 3.1%-д хүрч буурсан нь хугацаа хэтэрсэн татварын өрийг барагдуулсны нэг удаагийн нөлөө (ДНБ-ий 2.3%-тай тэнцэх), Хүүхдийн мөнгийг Ирээдүйн өв сангаас санхүүжүүлсэнтэй холбоотой юм. Тус сангийн хөрөнгийг ийнхүү зарцуулсан нь төсвийн хүрээ болон урт хугацааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
“Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт саарсан, инфляц огцом өссөн, төсөв болон гадаад секторын тэнцвэр ганхсан, өрийн дарамт нэмэгдсэн зэрэг томоохон сорилтуудтай тулгараад байна” хэмээн Дэлхийн Банкны Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Андрей Михнев мэдэгдэв. Тэрбээр цааш нь: “Эдийн засгийн тогтворгүй байдал, мөн тулгараад байгаа эрсдэлүүд нь макро эдийн засгийн бодлогод зайлшгүй тохиргоо хийх шаардлагатайг анхааруулж байна. Тухайлбал, инфляцыг мөнгөний бодлогын дунд хугацааны зорилтын хүрээнд тогтворжуулах, Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах, өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлгүүдэд чиглүүлэхэд анхаарах нь зүйтэй байна. Түүнчлэн, Монгол Улс хувьд олон тулгууртай бөгөөд тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд бүтцийн шинж чанартай реформуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж дүгнэлээ.
Монголбанкны хувьд инфляцыг тогтворжуулах бодлогод өндөр ач холбогдол өгч, бодлогын хүүг нэмэгдүүлэх, төсвийн шинж чанартай үйл ажиллагааг шат дараатайгаар хумих, гадаад секторын сөрөг нөлөөг гадаад валютын ханшийн өөрчлөлтөөр бууруулах шаардлагатай байгааг Дэлхийн банкны тоймд онцолжээ. Мөн Монгол улсын гадаад болон дотоод өрийг зохистой түвшинд хүргэн тогтворжуулахын тулд төсвийн тэнцвэрийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд, нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлгүүдэд чиглүүлснээр төсвийн алдагдлыг бууруулаад зогсохгүй орлого багатай өрхүүдэд бодит дэмжлэг үзүүлэх боломжтой болно. Дэлхийн банкны тойм нь дунд хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих реформууд, тухайлбал худалдааны болон тээвэрлэлтийн өртөг зардлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтад таатай нөхцөл бүрдүүлэх, дотоодын бизнесийг хөгжүүлэх зэрэг арга хэмжээг онцолсон байна.
Эх сурвалж: Дэлхийн банк