Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Туркойз Хилл: Оюутолгойн 2022 оны алт олборлолтын төлөвлөгөөг шинэчлэв

Оюутолгойн хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” уурхайн энэ оны эхний улирлын үйлдвэрлэлийн үр дүнг танилцуулсан (2022.04.19) байна. Эхний улиралд төлөвлөсөнчлөн ил уурхай болон далд уурхайн олборлолт өнгөрсөн оны мөн үеийнхээс доогуур байсан байна. Тодруулбал баямжал дахь цэвэр металын агуулгаар авч үзвэл зэсийн олборлолт 30.3 мянган тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс даруй 33%-иар, өмнөх дөрөвдүгээр улирлынхаас 22%-иар тус тус буурчээ.

Түүнчлэн үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээ ч буурсан байна. Эхний улиралд уг үзүүлэлт 59 мянган унцид хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 60%-иар, өмнөх улирлынхаас 25%-иар доошилжээ.

Баяжуулах үйлдвэрт оруулсан хүдрийн хэмжээ эхний улиралд 9.58 сая тонн (үүний 262 мянган тонн нь далд уурхайгаас олборлосон хүдэр, үлдсэн нь ил уурхайнх) байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2%, өмнөх улирлынхаасаа 9%-иар доогуур байсан. Үүнд үйлдвэрт хийсэн төлөвлөгөөт урсгал засвар голлон нөлөөлсөн байна.

Баяжмал дахь цэвэр металын агуулгаар авч үзвэл, Оюутолгойн уурхайгаас энэ онд нийтдээ 110-150 мянган тонн зэс, 135-165 мянган унц алт олборлох төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгааг Туркойз Хилл танилцуулсан байна. Зэс олборлолтын төлөвлөгөө урьдны хэмжээнд байгаа бол алтных бага зэрэг нэмэгдсэн байна. Өмнөх төлөвлөгөөгөөр уурхайгаас 2022 онд нийт 115-165 мянган унц алт олборлоно гэж төлөвлөж байсан юм.  Ингэснээр алт олборлолтын төлөвлөгөөний доод хязгаарыг нэмэгдүүлсэн явдал болж байна.

Ил уурхайн тоног төхөөрөмжийн зардалд энэ онд 170-200 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байсныг 155-185 сая ам.доллар болгож бууруулсан байна.

Далд уурхайн зардал, ажлын төлөвлөгөөний хуваарьтай холбоотой шинэчилсэн тооцооллыг оны хоёрдугаар улиралд багтаан бүрэн боловсруулах төлөвтэй байна. Цар тахлаас үүдэлтэйгээр далд уурхайн зардлын өсөлт энэ оны эхний улирлын эцэс хүртэлх хугацаанд 20 сая ам.доллараар нэмэгдэж, нийт 195 сая ам.доллараар хэмжигдэж байна.

 

 

Б. Төгс