Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын коксжих нүүрсний импорт гуравдугаар сард 23%-иар буурав

Хятад улс өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар нийтдээ 16.42 сая тонн нүүрс импортолсон тухай тус улсын Гаалийн газар мэдээлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй (27.33 сая тн) харьцуулахад даруй 40 орчим хувиар буурсан үзүүлэлт болж байна. Оны эхний улирлын байдлаар Хятадын нүүрсний импорт (бүх төрлийн) нийтдээ 51.8 сая тоннд хүрсэн нь 24.2%-иар буурсан үзүүлэлт боллоо.

Тус улсын коксжих нүүрсний импорт өнгөрсөн гуравдугаар сард 3.76 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.31%-иар багассан боловч өмнөх сарынхаасаа 26%-иар өссөн тухай “Фэнвэй Энержи” мэдээлсэн байна.

Хятад улс энэ оны эхний улирлын байдлаар нийтдээ 12.26 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.94%-иар нэмэгдсэн байна.

Өнгөрсөн сард Хятад улсын коксжих нүүрсний импортын дийлэнхийг ОХУ, Монгол, Канад, АНУ болон Австралийн нүүрс бүрдүүлсэн байна. Энэ дундаа гуравдугаар сард ОХУ-ын Хятад руу хийх коксжих нүүрсний экспорт 1.43 сая тоннд хүрснээр хамгийн том нийлүүлэгч болж байна. Араас нь Монгол (0.97 сая тн), Канад (0.52 сая тн), АНУ (0.36 сая тн), Австрали (0.34 сая тн) зэрэг орон тус тус удаалж байна.

ОХУ өнгөрсөн оны гуравдугаар сард урд хөрш рүү 590 мянган тонн коксжих нүүрс экспортолж байсан бол энэ оны хоёрдугаар сард 1.1 сая тонныг нийлүүлжээ. Ийнхүү экспорт нэмэгдэж буй шалтгаан нь барууны орнуудын ОХУ-ын эсрэг тавьж буй хориг арга хэмжээ болон харьцангуй хөнгөлөлттэй үнээр нүүрсээ худалдаалж буй нь голлон нөлөөлж байна гэж шинжээчид тайлбарлав.

Нөгөөтэйгүүр Хятадын хувьд эрчим хүчний нүүрсний дотоодын олборлолтоо нэмэгдүүлэх бодлого барьж буй бөгөөд энэ төрлийн нүүрсний импорт нь цаашид хумигдах төлөвтэй байгаа ажээ.

 

Б.Төгс