Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

П.Эрдэнэтуяа: 2022 онд Зүүн бүсэд сорьцын шинэ  лаборатори нээнэ

Коронавирусын халдварын улмаас эдийн засагт үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулах, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор УУХҮЯ, Монголбанкны Ерөнхийлөгч нар 2020 онд А/102, А-177 хамтарсан тушаал гаргаж, “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэхээр болсон. Энэ хүрээнд хөнгөлттэй санхүүжилтийн түр журмыг шинэчилсэн билээ. Журмын хэрэгжилтээр 2021 онд 17 аж ахуйн нэгжид 333 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд компаниуд тухайн ондоо зээлээ бүрэн төлж барагдуулжээ. Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс тус журмын үйлчлэлийг 2022 онд үргэлжлүүлэхээр болжээ. Энэ талаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяатай The Mongolian Mining Journal-ийн  Г.Идэрхангай ярилцлаа.

“Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2020 онд арилжааны банкуудаар дамжуулан  алт олборлогч  аж ахуйн нэгжүүдэд урт, богино хугацаатай санхүүжилтийг олгосон. Зээлийн эргэн төлөлт хэвийн байж ирсэн нь дараагийн санхүүжилтийг олгох хөшүүрэг болсон  уу? 
Тийм ээ. Богино хугацаат буюу 6 сарын хугацаатай санхүүжилтийг алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн тухайн жилдээ олборлох алтны 30%-тай тэнцэх хэмжээгээр, харин урт хугацаат буюу 36 сарын хугацаатай санхүүжилтийг тухайн аж ахуйн нэгжийн алтны үлдэгдэл нөөцийнх нь 30%-тай тэнцэх хэмжээгээр олгож байна. Монголбанк 2021 онд 21 тн үнэт металл худалдан авч цар тахлын тархалт өндөр, амаргүй нөхцөл байдалд гадаад валютын улсын нөөцийг 800 орчим сая ам.доллароор нэмэгдүүллээ.

Цаашид үнэт металлын олборлолт, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох байгууллагууд ажиллаж байна. УУХҮЯ, Монголбанк, арилжааны банкууд болон алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл уулзаж алтны санхүүжилт олгох үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлээр холбогдох журам, санхүүжилтийн гэрээнд шаардлагатай өөрчлөлтийг ойрын үед хийхээр санал авч байна. Монголбанк 2020 онд 23,6 тонн алт худалдаж авсан. Энэ хэмжээг 2022 онд  24 тоннд хүргэх боломж харагдаж байна. Алт олборлогч компаниудын үйл ажиллагаа гурав, дөрөвдүгээр сараас идэвхиждэг. Тиймээс УУХҮЯ-ны зүгээс аж ахуйн нэгжүүдийн уулын ажлын төлөвлөгөөг хугацаа алдалгүй баталж, санхүүжилт хүссэн алт олборлогч аж ахуй нэгжүүдийн нэрсийн жагсаалтыг Монголбанкинд ирүүлснээр тухайн аж ахуйн нэгж санхүүжилтийн хүсэлтээ харилцдаг арилжааны банкандаа өгөх боломжтой болох юм.

Арилжааны банкууд зээл олголтын  зарчим, шаардлагуудаа өмнөхтэй адил тавиад явах байх. Гэхдээ зохих шаардлагыг  хангаагүй  шалтгаанаар санхүүжилт авч чадаагүй аж ахуйн нэгжүүд цөөнгүй гардаг. Хэт өндөр босго тавих нь ийм зүйлд хүргэдэг шүү дээ?
Мэдээж санхүүжилтийн шаардлагыг хангасан аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкаас зээлийг олгож байна. Монголбанк 2020 онд 13, 2021 онд 15 аж ахуйн нэгжид нийт 453 тэрбум төгрөгийн урт, богино хугацаатай санхүүжилтийг олгосон. 2022 онд бидний зүгээс уг санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Арилжааны банкууд санхүүжилтийн эрсдэлээ 100% өөрсдөө хариуцдаг учир харилцагч аж ахуйн нэгжүүдэд тодорхой шалгуур тавьж байгаа. Үүнд нь Монголбанк болон бусад байгууллага хөндлөнгөөс оролцох боломжгүй. Шалгуур хангаагүй  аж ахуйн нэгжүүдийг судлахад дийлэнхдээ барьцаа хөрөнгө нь хангалтгүй, УУХҮЯ-наас ирүүлсэн  жагсаалтад нэрс нь багтаагүй зэрэг шалтгаан байдаг. Мөн эргэн төлөлтийн эрсдэл өндөртэй, үйл ажиллагаа нь тогтворжоогүй, хугацаа хэтэрсэн зээлтэй аж ахуйн нэгжүүд ч бий. Эдгээрээс шалтгаалан санхүүжилт олгох боломжийг хязгаарлаж байна.

Цаашид санхүүжилт  олгохдоо алт олборлогч аж ахуйн нэгжийн барьцаа хөрөнгийн үнэлгээ, сүүлийн 2 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан   зэрэг шаардлагуудыг хөнгөвчлөх чиглэлээр ажиллаж байна.  

2021 онд алт олборлогчид авсан зээлээ бүрэн төлж барагдуулсан байна. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл юу байв?
Богино хугацаат санхүүжилт зургаан сарын хугацаатай учраас бүгд төлөгдсөн. Урт хугацаат зээлийн хувьд 36 сар тул эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөж байна.  

Одоогоор Монголбанкинд шинээр санхүүжилтийн хүсэлт хараахан ирээгүй байна. Уулын ажлын төлөвлөгөө, бусад шаардлагатай бичиг баримтуудаа алт олборлогчид бүрдүүлээд явж байгаа байх. Арилжааны банк харилцагчаа судлаад санхүүжилт олгох шийдвэр гарсны дараа Монголбанк руу хүсэлт илгээдэг.

Өнгөрсөн жил богино хугацаат санхүүжилтийг Голомт, Хаан, Капитрон банкуудаар, урт хугацаат санхүүжилтийг Худалдаа Хөгжлийн Банк, Голомт банкаар  дамжуулж олгосон байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан. “Алт-2” хөтөлбөрийг эрчимжүүлэхтэй холбоотой санхүүжилт  уг хуулийн хүрээнд олгогдоно.

Алт олборлолтыг дэмжсэн хууль эрх зүйн орчин өнөөдөр хангалттай бүрдэж чадсан уу?
Өнөөдөр үйлчилж байгаа АМНАТ-ын 5% нь Монголбанкны алт худалдан авалтад сөргөөр нөлөөлөөгүй байна. Монголбанк дотоодын зах зээлээс үнэт металл худалдан авахдаа  тухайн өдрийн олон улсын ханшийг баримталдаг бөгөөд алтны үнэ өсөж буй одоо үед олборлогч аж ахуйн нэгжүүдэд таатай нөхцөл бүрдэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УУХҮЯ-наас боловсруулж байна. Монголбанкны зүгээс алтны татвартай холбоотой ямар нэгэн саналыг хуулийн төсөлд өгөөгүй.

Алтны арилжаа эрхэлж байгаа иргэдэд тулгарч байгаа асуудлын талаар уулзалтыг хийсэн бөгөөд холбогдох саналаа  хуулийн төсөлд Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үндэсний холбооноос өгч, хамтран ажиллана. Алтны арилжаа эрхлэгч иргэдэд Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2020 оноос тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Тусгай зөвшөөрөл авсан иргэдээс Монголбанк  үнэт металл худалдан авч байна. 2021 онд алт олборлогч 118 аж ахуй нэгжээс 11,1 тн алт, тусгай зөвшөөрөл бүхий 73 иргэдээс 9,7 тн алт худалдан авсан байна. Мөн Монголбанк байгалийн тогтцоороо байгаа төрц алтыг 10 хувь хүртэл нэмэгдэл үнээр худалдан авч Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэн ажилладаг.

Алтны хууль бус наймаа цар тахлын үед хил гааль хаагдсантай холбоотойгоор  хумигджээ. Энэ нь иргэдийн зүгээс Монголбанкинд алтаа тушаахад илүүтэй нөлөөлсөн үү?
Алтны хууль бус арилжаа жил бүр яригддаг сэдэв. Хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаад хураагдсан алт Монголбанкинд ирж шүүхийн шийдвэр гартал хадгалагддаг. 2019-2021 онд нийт 10,7 кг алт хураагдаж, улсын орлого болсон байна.

Монголбанк болон арилжааны банкуудын үнэт метал худалдаж авах процесс энгийн хялбар, ямар нэгэн хүнд суртал, олон шат дамжлагагүй. Тэгээд ч Монголбанк, арилжааны банкууд алтыг зах зээлийн үнээр худалдаж авч байгаа учраас тухайн иргэн, аж ахуйн нэгж эрсдэл гаргаж  хилээр нэвтрүүлэх нь тэдэнд ашиггүй. Хэрэв улсын хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхээр завдаж байгаад хураагдсан нөхцөлд шүүхийн шийдвэрээр улсын орлого болгох тухай шийдвэрлэсний дараа Монголбанк хураагдсан алтны үнийг улсын төсвийн дансанд шилжүүлж, худалдан авдаг.

Монголбанк дотоодын зах зээлд цэвэршүүлж, мөнгөжүүлсэн алт, мөнгийг худалдаалж байгаа бөгөөд уран дархчуудад түүхий эдээр ашиглах боломжтой үрлэн хэлбэртэй 4 кг-аар савласан цагаан мөнгө, бэлэг дурсгалын зориулалтаар 1 унц, 1 кг-ын жинтэй гулдмай байна. Энэ талаар нэмэлт мэдээллийг coin.momgolbank.mn сай­таас авах боломжтой.

Орон нутагт байгуулагдан сорьцын лабораториудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?
2018 онд Монголбанк  Дархан-Уул, Баянхонгор аймагт сорьцын хоёр лаборатори нээсэн. Үйл ажиллагаа нь хэвийн. Жилд ойролцоогоор нэг тонн гаруй үнэт металлыг орон нутагт сорьцолж байна. Дархан-Уул, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2019-2021 онд нийт 5,5 тн (3,192 ширхэг гулдмай) үнэт металл худалдан авсан байна. Орон нутагт үнэт металл сорьцлох, худалдан авах ажлыг төрийн байгууллагууд, банкуудтай хамтран зохион байгуулснаар алт олборлогч аж ахуйн нэгж, тусгай зөвшөөрөл бүхий иргэдэд цаг хугацаа хэмнэх, найдвартай, аюулгүй байдлыг бий болгосон асуудал юм. 2022 онд Монголбанк, Стандарт хэмжил зүйн газартай хамтраад Зүүн бүсэд сорьцын лаборатори нээхээр төлөвлөсөн. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монголбанкны салбарууд ажилладаг учраас тухайн орон нутагт үнэт металлын сорьцын лаборатори нээж, үнэт металл худалдан авах ажлыг зохион байгуулах бүрэн боломжтой. Стандарт хэмжил зүйн газрын харьяа Сорьцын хяналтын газар нь үнэт металлыг хайлж, гулдмайлах, сорьц тогтоох, үнэт металл олборлолтын тайлан баталгаажуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг бөгөөд өнгөрсөн онд нийт 16,300 кг алтан гулдмай, 1,900 кг мөнгөн гулдмайд сорьц тогтоосон байна.

Монголбанкны алтны худалдан авалтыг сайжруулахад шийдвэрлэх шаардлагатай ямар асуудлууд байна вэ?
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд саяхан Баянхонгор аймагт ажлын томилолтоор ажиллахдаа алтны олборлолт явуулахгүй гэж ярьсныг хэвлэлүүд мэдээлсэн. Нэг яам нь олборлолтоо дэмжинэ, хайгуулын тусгай зөвшөөрөл олголтоо эрчимжүүлнэ гэж байхад нөгөө яам нь алт ухуулахгүй гэж ярих нь зохимжгүй. Төрийн байгууллагууд ажлын уялдаа, холбоогоо сайжруулах, аж ахуй нэгжүүд нөгөө талдаа байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг сайн хийх, түүнд тавих хяналтыг тогтмолжуулах зэргээр хамтран ажиллах нь хэрэгтэй байна. Өнгөрсөн жил зарим компанийн үйл ажиллагааг зогсоосон нь Монголбанкны үнэт металл худалдан авалтад нөлөөлсөн. Ер нь аль аль талдаа зөв ойлголцож, нэг зүгт харж ажиллахгүй бол хэн нэгэн хүний буруутай үйлдлээс шалтгаалан хэвийн, өсөлттэй явагдаж байгаа салбарын үйл ажиллагаа унах, доголдох эрсдэлтэй.

Ярилцсан Танд баярлалаа.