Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

“Роснефть”-тэй АИ92 шатахууны импортын үнэ тогтворжуулах гэрээ байгууллаа

Салбарын дэд сайд О.Батнайрамдал шатахууны үнэ тогтворжуулах гэрээг “Роснефть” компанитай байгуулсан тухай мэдээлэл (2022.05.03) хийлээ. Өнгөрсөн долоо хоногт УУХҮ-ийн дэд сайд болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл багтсан бүрэлдэхүүн ОХУлсад “Роснефть” компанитай жил бүрийн ээлжит уулзалтаа хийсэн байна. Энэ үеэр иргэдийн хэрэглээний шатахууны гол төрөл болох АИ92-ын импортын үнийг одоо тонн тутамд 1110 ам.доллар байгааг 25%-ийн хөнгөлөлттэй буюу 840 ам.доллар болгох гэрээг амжиллтай байгуулсан байна. Ингэхдээ уг гэрээний үнэ нь зөвхөн дөрөв, тав, зургадугаар сард хүчин төгөлдөр мөрдөгдөх ажээ.

Дэд сайдын мэдээлснээр өнгөрсөн онд шатахууны импортын үнэ 71%-иар, он гарсаар дахин 45.8%-иар өссөн нь АИ92 шатахууны борлуулалтын үнэ литр тутамд 3330 төгрөг болох нөхцөл үүссэн байжээ. Энэхүү шатахууны үнийн өсөлт нь 2013 оноос хойш харагдаж байгаагүй өсөлт болохыг дэд сайд онцолж байна. Монгол улсын тухайд ОХУ-аас шатахуунаа импортлохдоо Сингапурын биржийн үнээр тооцож авдаг. Харин ийнхүү гэрээ байгуулснаар борлуулалтын үнийг 2390 төгрөгт барих боломж бүрдэж байгаа ажээ. Засгийн газраас үнэ тогтворжуулахтай холбоотой хуулийн төсөл УИХ-д өргөн барьж батлуулснаар шатахууны импортын гаалийн татварыг тэглээд буй.

Цар тахлаас улбаатай логистикийн хүндрэл болон ОХУ, Украины мөргөлдөөнөөс үүдэн шатахууны нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого баримталж ажиллаж байна. Тодруулбал өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн шатахууны нөөц бүрдүүлэлтийн тухайд салбарын яам урьд нь 30 хоногийн нөөц бүрдүүлж ажиллаж байсныг 45 хоног болгон сунгасан. Энэ дагуу импортлогч компаниуд ахиу нөөц бүрдүүлж ажиллаж байгаа ажээ.

Дизель түлшний импортын үнийн тухайд Сингапурын биржийн үнээр тооцоход дөрөвдүгээр сарын байдлаар тонн тутамдаа 1047 ам.доллар байгаа ажээ. Өөрөөр хэлбэл литр тутамдаа 3714 төгрөг байгаа бөгөөд Засгийн газар дизелийн онцгой албан татварыг (тонн тутамд 280 мянган төг байсныг) тэглэх шийдвэр гаргасан. Ингэснээр борлуулалтын үнэ литр тутамд 3380 төгрөг байх боломж бүрдэж байгаа ажээ. Дөрөвдүгээр сард дизель түлшний борлуулалтын үнэ литр тутамдаа 250 төгрөгөөр нэмэгдээд байгаа юм.  Дизелийн нийлүүлэлтийг хөнгөлөлттэй үнээр олгох тухай хүсэлтээ манай улсаас ОХУ-ын талд албан ёсоор тавиад байгаа ажээ.

 

Б. Төгс