Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.5%-иар өсгөв

АНУ-ын төв банк инфляцтай тэмцэх зорилгоор бодлогын хүүгээ 0.5%-иар өсгөж 0.75-1%-д хүргэхээр болсноо (2022.05.04) зарлалаа.  Энэ нь 2000 оноос хойш байгаагүй огцом өсөлт болсныг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Цаашид шат дараатайгаар Холбооны нөөцийн банк бодлогын хүүг өсгөсөөр энэ онд 2.25-2.5%-д хүргэх төлөвтэй байгаа ажээ. Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Повелл бодлогын хүүг 0.75%-иар буюу огцом өсгөх бодолгүй байгааг дуулгажээ. Өөрөөр хэлбэл Холбооны нөөцийн банк энэ онд багтаан гурван удаа бодлогын хүүгээ 0.5%-иар тус тус нэмэгдүүлэх төлөвтэй байгаа нь хөрөнгийн зах зээлд эерэг дохио боллоо. Хөрөнгө оруулагчдын дунд АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.75%-иар нэмэгдүүлж болзошгүй гэсэн таамаглал түгээмэл байсан юм. Харин одоо зах зээлд харьцангуй зөөлөн уур амьсгал давамгайлах болсноор хөрөнгийн захын индексүүд өсөх хандлагатай болжээ. Мөн алтны ханш бодлогын хүү өсгөх тухай зарласны дараа 1%-иар өсчээ.  

Мөн төв банк эзэмшил дэх үнэт цаасны хэмжээгээ бууруулж зах зээлд худалдаалахаар болсноо зарласан байна.

Инфляц тус улсад гуравдугаар сард 8.5%-д хүрснээр сүүлийн 40 жилийн хугацаан дахь дээд хэмжээнд хүрээд байгаа юм. Холбооны нөөцийн банк инфляцын хэмжээ оргилдоо хараахан хүрээгүй гэж үзэж буй ажээ. Хятадад цар тахлын улмаас хөл хорио тогтоож буй нь ханган нийлүүлэлтийн сүлжээний удаашралыг нэмэгдүүлж, инфляц ийнхүү өсч буйн томоохон шалтгаан болж буйг тус улсын төв банк онцолжээ.

Мөн АНУ-ын худалдааны алдагдал нь гуравдугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрч 109.8 тэрбум ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл импортын огцом өсөлт экспортын өсөлтөөс илүү гарснаар нэгдүгээр улсын эдийн засаг оны эхний улиралд агших хандлагатай болж 1.4%-иар буурчээ. Тус улсын эдийн засаг өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 6.9%-иар өсч байжээ. Оны эхний улирлын бууралтыг төсөөлөөгүй агшилт гэж тус улсын хэвлэлүүд тодорхойлж байна. 

 

Б. Төгс