Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Б.Цэнгэл: Төрийн өмчит компаниудыг шинэчлэх цаг нь ирсэн

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй төрийн өмчит компаниуд тойрсон цаг үеийн асуудлаар The Mongolian Mining Journal-ийн Г.Идэрхангай ярилцлаа. 

Tайлан мэдээллийг олон нийтэд ил тод  тайлагналын нэгдсэн механизмтай болгоно

Төрийн өмчийн тухай хуулийг 1996 онд баталснаас хойш зарчмын томоохон өөрчлөлт оруулаагүй. Иймд тус хуулийг өөрчлөхөөр болж байна. Зарчмын ямар өөрчлөлтүүд оруулах вэ?
Юуны өмнө, танай сэтгүүлийн уншигчидад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол Улс 1990 оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн харилцаанд шилжин өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн. Улмаар 1996 онд төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдсан цагаасаа эхлэн өнгөрсөн 26 жилийн хугацаанд нийтдээ 30 орчим удаа нэмэлт өөрчлөлт орсон. Эдгээр өөрчлөлт нь ихэвчлэн бусад хууль, тогтоомжид орсон өөрчлөлтийг дагаж хийгдсэн байдаг. Мөн өнгөрсөн хугацаанд манай улсын нийгэм, эдийн засгийн харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарч 2020 онд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад суурь хуулиудад зарчмын томоохон өөрчлөлтүүд орсон юм. 

Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялгийн үр шимийг Монголын ард түмэн шударга зарчмаар жигд хүртэх, төрийн өмчийн бодлого улс орны хэмжээнд нэгдмэл байдлаар хэрэгжихүйц байх тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан. Үндсэн хуулийн агуулгад нийцүүлэн Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-аар батлуулахаар боловсруулаад байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах зарчмын өөрчлөлтүүдийг оруулж байна. Үүнд:      

   
•    Энэ хуулиар байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байх эрх зүйн суурь харилцааг зохицуулж өгнө;
•    Хуулиар зохицуулах харилцааны хүрээ болон хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхой тогтоож, нэр томьёог нэг мөр цэгцэлнэ;
•    Төрийн өмч нь төрийн нийтийн  болон тусгайлсан өмчөөс бүрдэнэ;
•    Төрийн өмчит хуулийн этгээдийн ойлголтыг шинэчилж, түүний хөрөнгийн эрхийн байдлыг нь харгалзан ангиллыг тогтоож, ангилал тус бүрийн онцлогт хамаарах зохион байгуулалт, хяналтын зохицуулалтыг хуульчлах бөгөөд төрийн өмчит үйлдвэрийн газрыг Компанийн тухай хуульд нийцүүлэн төрийн өмчит компани байхаар өөрчлөн зохицуулна.

•    Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд тавигдах шаардлага, түүнийг томилох, удирдамж өгөх болон компанийн үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналтын журмыг шинэчлэн тогтооно. Мөн төрийн өмчит компанийн удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох, гэрээ байгуулах нөхцөлийг хуульчилна. 

Үр ашиггүй, зардал ихтэй төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, үйл ажиллагааг нь цэгцлэх, заримыг нь татан буулгана гэдгээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас мэдэгдээд байгаа. Энэ талаар хийгдэж байгаа, цаашид хийх ажлуудаас мэдээлэл өгнө үү?
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд Төрийн өмчит компани, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын өмчлөл, засаглал, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах чиглэлээр Засгийн газарт тодорхой шийдэл бүхий асуудал оруулж, шийдвэрлүүлж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

Бид Компанийн засаглалын талаарх олон улсын сайн туршлагыг Монгол Улсын өнөөгийн нийгэм эдийн засгийн онцлогт нийцүүлэх байдлаар боловсруулах, төрийн өмчит хуулийн этгээд, үйлдвэрийн газруудыг төвлөрсөн, нэгдмэл удирдлагаар хангах байдлаар хэрэгжүүлэх, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын хараат бус байдлыг хангах, сонгон шалгаруулалт нээлттэй болж мэргэжлийн удирдлагаар хангах, гэрээний үр дүнг дүгнэх нээлттэй системийг нэвтрүүлэхийг зорьж байна. 

Мөн Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тайлан мэдээллийг олон нийтэд ил тод нээлттэй тайлагналын нэгдсэн механизмтай болгох, хөрөнгө оруулалт хөрөнгийн менежментийг оновчтой хийх боломжийг бүрдүүлсэн сайн засаглалын тогтолцоог холбогдох хууль, тогтоомжоор баталгаажуулах чиглэлээр ажиллаж байгаа. 

Цаашид төрийн өмчит компаниудыг үе шаттайгаар төрийн өмчийн хувь оролцоог бууруулж хөрөнгө оруулагч олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа гаргах замаар хөрөнгийн зах зээлийг идэвхижүүлэх, хувьцааны төвлөрлийг сааруулах, ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, алтан хувьцааны зарчим, хувьцааны төвлөрлийг зохицуулах зэрэг зарчмуудыг баримтлан Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулах болно. 

Товчхон дүгнэж хэлэхэд Төрийн өмчит компани өмчлөлийн хувьд төрийн болон хөрөнгө оруулагч олон нийтийн зохистой харьцаа бүхий, засаглалын хувьд бизнесийн зарчимд суурилсан төвлөрсөн удирдлага бүхий мэргэжлийн удирдлагыг сонгон шалгаруулах, хариуцлага тооцох оновчтой тогтолцоо бүхий үр өгөөжийн хувьд эдийн засгийн болон нийгмийн өндөр өгөөжтэй байх шалгуур үзүүлэлттэй ашигт ажиллагаа бүхий бизнесийн байгууллага болгон төлөвшүүлэх зорилт тавьж байна.  


Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг төрийн өмчид буцаан авлаа. Дарханы Төмөрлөгийн Үйлдвэртэй байгуулсан “Кью Эс Си” компанийн Концессын гэрээг Засгийн газар цуцаллаа. “Эрдэнэс Монгол” компанийн охин компаниудыг цэгцлэх зорилгоор тус компанийн дүрмийг шинэчлэн баталлаа. Ойр ойрхон өрнөж байгаа эдгээр үйл явдлууд төрийн өмчит компанийн үйл ажиллагааг цэгцлэх зорилгоор хийгдэж байгаа нь тодорхой байна. “Эрдэнэс Монгол” компанийг үр ашигтай, засаглал сайтай болгохын тулд ямар ажил эхний ээлжид өрнүүлэхээр болж байна вэ?
Монгол Улс зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан улс. 1990 оноос эхлэн эдийн засгийг либералчлах аль болох төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих бодлого баримтлан  өдгөө  энэ зарчим нэн тэргүүнд тавигдаж байна. Нийгмийн суурь харилцаа өөрчлөгдсөн сүүлийн 30 шахам жилийн хугацаанд улс орны эдийн засгийн суурь үндсийг хувийн хэвшил бүрдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүтээж байгааг та бүхэн сайн мэдэж буй биз ээ. Гэвч өнгөрсөн хугацаанд болж өрнөсөн өмч хувьчлал, түүний үр дүнгийн талаар олон нийт ч сөрөг төсөөлөл, таагүй дурсамжаар хандах нь нийтлэг. Мөн сүүлийн үед гэж хэлж болохүйц, 2015 онд хийгдсэн зарим өмч хувьчлал, концессын гэрээний асуудлыг хууль, хяналтын байгууллагаас шалгаж, холбогдох хууль, тогтоомж болон байгуулсан гэрээгээ зөрчсөн, биелүүлээгүй талаар санал, дүгнэлт гаргаж эрх бүхий байгууллагуудад тухайн шийдвэрүүдээ цуцлах саналыг хүргүүлсэн. Тэр хүрээнд Монгол Улсын засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар өмнө гаргасан холбогдох шийдвэрүүдээ цуцлаад “Цемент шохой” ТӨХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-уудын хөрөнгө болон удирдлагын эрхийг төрд буцаан авах ажлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зохион байгуулж байна. 

“Цемент шохой” ХК-ийг хувьчилж авсан Хөтөл ХХК /хуучин нэрээр Бейзмэнт ХХК/, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг концессын эрхээр удирдаж байсан “Кью Эс Си” ХХК-ууд удирдлага, менежментийн хувьд сайнгүй ажиллаж ирсэн нь дээрх компаниудын өнөөгийн санхүүгийн болон үйл ажиллагаанаас харагдаж байна. Бид ажлын хэсэг байгуулж компаниудын өмч хөрөнгийг бүртгэж тоолох, дээрх компаниудын бизнес төлөвлөгөөг шинэчлэн баталж, ашигт ажиллагааг сайжруулах болно. 

Хөтөлийн Цемент,  шохойн үйлдвэ­рийг цаашид ямар менежменттэй үйлдвэр болгож ажиллуулахаар  зорьж ажиллаж байна вэ? Үйлдвэрийн менежментийг хэрхэн сайжруулах вэ?
Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК нь чулуунцар, цемент, шохойн үйлдвэрлэл явуулж, оргил үедээ жилд 700 мянга орчим тонн сайн чанарын цемент үйлдвэрлэж, тогтсон үйл ажиллагаатай, өөрийн түүхий эдийн ордын нөөцтэй, боловсон хүчний ихээхэн суурьтай, барилгын салбарын томоохон гол тоглогчийн нэг болж ирсэн түүхэн амжилт бүтээлтэй хамт олон. Энэ компанийг хувьчилж авсан компани үйл ажиллагааг нь улам бүр сайжруулж, Монгол Улсын барилгын салбарт хувь нэмэр оруулах үүргээ хангалттай хэрэгжүүлж чадсангүй.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх удирдлага, уурхайчин хамт олонтой хамтран, тэдний үйл ажиллагааг бодлого чиглэлээр ханган юуны өмнө үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах үндсэн нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. Бид тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааг нь сайжруулах бизнес төлөвлөгөөг нь баталж, хэрэгжүүлж байна. Цаашид компанийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийт, хөрөнгө оруулагчдад арилжаалах  замаар нээлттэй, олон нийтийн компани болгох нь зүйтэй байх гэсэн чиглэл барьж байна. Монгол Улсын Засгийн газрын бодлого, чиглэл ч төрийн өмчит компаниудыг нээлттэй, олон нийтийн хувьцаат компани болгох зорилт тавьж буйг Та бүхэн мэдэж байгаа биз ээ.  

“Эрдэнэс Монгол” компанийн дүрмийг саяхан шинэчлэн баталлаа. Монголын хамгийн том төрийн өмчит компанийн засаглалыг хэрхэн сайжруулахаар төлөвлөж байна вэ?
“Эрдэнэс Монгол” компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Монгол улсын Засгийн газар хэрэгжүүлдэг. Засгийн газраас тус компанийг үр ашигтай, засаглал сайтай болгохын тулд бүтцийн өөрчлөлт хийж, охин болон хараат компаниудыг цэгцлэх, үрэлгэн бүтцийг өөрчлөх ажил хийгдэж байгаа. Тухайлбал, Засгийн газраас саяхан “Эрдэнэс Монгол” компанийн дүрмийг шинэчлэн батлаад ТУЗ-ийг нь шинэчлэн байгуулаад байна. Цаашид Үндэсний баялгийн сан, Хөгжлийн сангийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн тухай анхдагч хуулийн төсөлд гол зохицуулалтыг суулгаж, “Эрдэнэс Монгол” компанийн асуудлыг групп компанийн хэмжээнд шийдвэрлэхээр төлөвлөж байгаа.       

Компанийн тухай хууль цаг үедээ нийцсэн сайн хууль

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар ямар асуудлуудыг зохицуулахаар тусгаж байна вэ? Ялангуяа төрийн өмчит компаниудыг нээлттэй, ил тод болгоход хуулийн ямар зүйл, заалтууд байгаа бол?
Монгол  Улсын Их хурал, Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм. 

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэхийг зорьж буй. Энэ хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Засгийн газар, Сангийн яам яаралтай горимоор боловсруулж УИХ-д өргөн барьсан. 

Хуулийн төслийн үндсэн зорилт нь төр, хувийн хэвшилтэй урт хугацаанд түншилж дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар үйлчилгээний салбарт өрсөлдөөнийг бий болгох, хөрөнгийн удирдлагыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн арга хэрэгслийг бий болгох, урт хугацаандаа төсвийн ачааллыг бууруулах, хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон давуу талыг бүрдүүлэхэд чиглэсэн. Мөн томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг дан ганц төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшлийн ур чадварыг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх шаардлага, хэрэгцээг хангах олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хуулийн агуулга ач холбогдол нь Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд туссан зорилтуудтай нийцэж байгаа гэж миний хувьд үзэж байна.  

Төрийн өмчит компаниудын захирлууд болон ТУЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож байх  зарчмын талаар та байр сууриа илэрхийлнэ үү? 
Монгол Улсын Компанийн тухай хууль 1999 онд батлагдаж, улмаар 2011 онд тус хууль шинэчлэн батлагдаж 10 гаруй жил хэрэгжиж байна. Манай Компанийн тухай хууль цаг үедээ нийцсэн сайн хууль гэж хувь хүний хувьд би боддог. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо зэрэг зохицуулах болон мэргэжлийн холбогдох байгууллагууд ажиллаж байна. Энэхүү хуульд Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн талаар тусгайлсан зохицуулалт бий. Тухайлбал, Төрийн өмчит компани заавал Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй байх бөгөөд хараат бус гишүүнээ нээлттэй зарлаж, сонгон шалгаруулж томилох зохицуулалттай. Бид Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөлд Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн Захирал болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат болон хараат бус гишүүдийг заавал нээлттэй зарлаж, сонгон шалгаруулдаг байх зарчмыг тусгаж байгаа. Энэ зохицуулалт цаг үеийн хэрэгцээ шаардлага, олон нийтийн хүсэлтэд бүрэн нийцнэ гэдэгт итгэлтэй байна. Ер нь ард түмний өмч дээр суурилж бизнес хийж байгаа төрийн өмчит компани нь бүх үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, ил тод, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага нь санхүүгийн болон ёсзүйн өндөр хариуцлагатай байж олон нийтийн тусын тулд хичээж ажиллах ёстой. Ийм учраас Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлага, түүнийг томилох, удирдамж чиглэл өгөх болон компанийн үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналтыг шинэ түвшинд гаргах хууль эрхзүйн болон ёсзүйн шинэчэлэл хийхийг зорьж байна. 

Төрийн өмчит компаниудын хувьцааг  хөрөнгийн зах зээл дээр гаргаж, засаглалыг нь сайжруулах асуудал яригддаг. Энэ чиглэлээр хийгдэх, ялангуяа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хийх ямар бодлого, чиглэл байгаа вэ?
УИХ, Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын өмчлөлийн хэлбэрийг оновчтой тогтоож, засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас нэлээд  судалгаа хийж, тодорхой бодлогын шийдэл бүхий саналуудыг дэвшүүлж байгаа. Бидний санал болгож буй шийдэл нь товчхондоо төрийн өмчит компаниудыг ангилж, төр алиныг нь авч үлдэж, алиныг нь явуулахаа тодорхой болгож, төрд хамааралтайг нь үйл ажиллагааг нь сайжруулж, чадавхижуулж, томруулж улс орны хэмжээний томоохон стратегийн Аж үйлдвэрийн төслүүдийг бизнесийн зарчмаар ажил хэрэг болгож, үр ашгийг нь хүртэхүйц чадамжтай болгох зорилт юм.     

Үүний тулд бид өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй бүх Төрийн өмчит компаниудын чиг үүрэг, үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлт, бүтэц, зохион байгуулалтад цогц шинжилгээ хийсний үндсэн дээр дараах  4 хэсэгт хувааж, тус бүрд нь шийдлийг санал болгож байгаа. Үүнд: 
1.     Өрсөлдөөнд суурилсан бизнесийн төрийн өмчит хуулийн этгээдүүд: Энэхүү ангилалд цахилгаан, дулааны эрчим хүчний түгээх болон зарим үйлдвэрлэл, эх үүсвэр талын компани, мөн МИАТ, Хөрөнгийн бирж, Цахилгаан холбоо зэрэг мэдээлэл холбоо, тээвэр ложистикийн чиглэлийн 40 орчим хуулийн этгээд энэ ангилалд хамрагдаж байна. Эдгээр компаниудыг эхний ээлжид төрийн өмчийн давамгай оролцоотойгоор хувийн салбарын хөрөнгийг оролцуулах, цаашид үе шаттайгаар төрийн өмчийн хувь, оролцоог үе шаттай бууруулах замаар олон талт өмчлөлийн бүтцийг бий болгож, олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох нь зохистой байна. Энэ шийдлийг хэрэгжүүлж чадвал ашигт ажиллагаа нь сайжирсан нээлттэй хувьцаат компаниуд хөрөнгийн зах зээлийн гол хөдөлгөгч хүч болж тэр нөлөөгөөр Монголын хөрөнгийн зах зээлийн өсөлт хөгжилд эергээр нөлөөлнө.
2.    Үндэсний стратегид суурилсан бизнесийн төрийн өмчит хуулийн этгээдүүд: Энэ ангилалд ихэвчлэн уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр стратегийн болон улс орны эдийн засагт нөлөөлөхүйц томоохон ашигт ордод үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит болон оролцоотой компаниудыг оруулсан. 


Эдгээр компаниудыг Төрийн өмчийн давамгай оролцоотойгоор зарим хувийн салбарын хөрөнгийн оролцоог үндэсний стратегид нийцүүлэх байдлаар дэмжих, шаардлагатай бол 100 хувь төрийн мэдэлд эзэмших болон төрийн зохистой хувь оролцоо бүхий олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох замаар нэмүү өртөг шингэсэн экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгосон кластер бүтэц бүхий ашигт ажиллагаа өндөр компани зорилт дэвшүүлж байна.

3.    Нийгмийн үйлчилгээг үзүүлэгч төрийн өмчит хуулийн этгээдүүд: Төр ашиггүй ч байсан нийгмийн хариуцлагын хүрээнд авч явдаг, хувийн хэвшил хийж гүйцэтгэдгүй ашиг, өгөөж бага ажил үйлчилгээ нилээдгүй байдаг. Тухайлбал, хот, нийтийн аж ахуйн үйлчилгээ, нийтийн тээвэр зэргийг дурьдаж болно. Дэлхийн олон улс орнуудад Public goods буюу нийтийн чиглэлийн ажил үйлчилгээг Төрийнхөө төсөв санхүүгийн дэмжлэгээр авч явдаг нийтлэг жишигтэй. Энэ хүрээнд цөөн тооны төрийн өмчит компани болон орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орон нутгийн өмчит компаниуд байх нь зайлшгүй. Эдгээр компанууд Төрийн бүрэн өмчлөлд байж, боломжтой бол үе шаттайгаар төр, хувийн хэвшлийн идэвхтэй түншлэлд шилжүүлэх, нийгмийн өгөөжийг чухалчлан, ашигт ажиллагааны зохистой түвшинг барьж ажиллах нь зохистой гэж үзэж байна. 

4.    Төрийн  зохицуулалт шаардлага- гүй төрийн өмчит хуулийн этгээдүүд: Монголчууд бид зах зээлийн эдийн засгийн замыг сонгож, энэ замаар багагүй хугацаанд замнаж, алдаж онож, сургамж авч, тодорхой туршлага хуримтлуулж яваа гэж би боддог. Та бидний сонгосон нийгэмд хувийн хэвшлийн өрсөлдөөний зарчмаар үйл ажиллагаа явуулж байгаа салбар, зах зээлд төр оролцохгүй байх нь чухал. Хувийн хэвшлийнхэн хийж чадах ажил үйлчилгээтэй салбарт төр бизнес хийж хувийн хэвшилтэй өрсөлдөх нь зарчимгүй асуудал. Иймд энэ төрийн төрийн болон орон нутгийн өмчит компани, хуулийн этгээдийг өмчлөлийн хэлбэрийг өөрчлөх замаар Төрөөс хувийн хэвшилд үе шаттай шилжүүлэх бодлого барьж хэрэгжүүлнэ.

Төрийн өмчит компаниудтай холбоотой бодлогын түвшинд шийдэх ямар ажлууд хүлээгдэж байгаа вэ? Энэ талаар тодорхой, дэлгэрэнгүй  мэдээлэл өгнө үү?
Дараагийн хөндөх сэдэв бол Төрийн өмчит компанийн засаглалын талаарх асуудал юм. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар олон улсын сайн туршлага, Дэлхийн банк болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зөвлөмжид үндэслэн төрийн өмчит хуулийн этгээд, үйлдвэрийн газруудыг төвлөрсөн, нэгдмэл удирдлагаар хангах зарчмаар өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий мэргэжлийн байгууллагаар дагнасан байдлаар засаглалыг хэрэгжүүлэх нь оновчтой гэж үзэж байна. Энэ тохиолдолд төрийн өмчит компаниудын хөрөнгийн нэгдсэн менежмент хийх замаар хэрэгцээтэй газар өгөөжтэй хөрөнгө оруулалт хийж үр шимийг нь хүртэх давуу байдал үүсэх сайн талтай.

Энэ сайн жишгийг Хятад, Сингапур, Швед, Норвеги зэрэг олон улс хэрэглэдэг.  Мөн Төрийн өмчийн бүтцийн өөрчлөлт хийх үндсэн чиглэлийг боловсруулж, УИХ, Засгийн газрын түвшинд танилцуулж шийдвэрлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ чиглэл нь үндсэндээ: 1. Төр иргэдийнхээ нийтлэг ашиг сонирхол, хэрэгцээг хангах, төрөөс олон нийтэд хүргэх үйлчилгээ, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх нөөцтэй байх, Стратегийн орд, дэд бүтэц, үндсэн магистрал шугам, төмөр зам, улсын чанартай авто замд төрийн зохистой оролцоог хангах; 2. Олон нийтийн оролцоог хангах, компанийн засаглалыг хөгжүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, төрийн өмчит хуулийн этгээдийн үнэ цэнийг өсгөх, техник технологийг шинэчлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор төрийн өмчит үйлдвэрийн газруудыг нээлттэй компанийн хэлбэрт шилжүүлэх, хувьцааг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлэх, төрийн мэдлийн хувьцааны тодорхой хувийг хөрөнгийн биржээр арилжаалах; 3. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийг нэгтгэх, нийлүүлэх арга хэмжээг хуулийн хүрээнд зохион байгуулах; 4. Өмчлөлийн хэлбэрийг өөрчлөх, татан буулгах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй зохион байгуулах зэрэг асуудлуудыг цогцоор нь үе шаттай шийдвэрлэхээр ажиллаж байгааг олон нийт, судлаачид, бизнес эрхлэгчид мэдээллийн сувгуудаар хүлээн авч, өөрсдийн үзэл бодол, байр суурь саналаа илэрхийлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Төгсгөлд нь хэлэхэд Монгол Улс төрийн өмчийн талаар сүүлийн 30 шахам жил авч хэрэгжүүлж ирсэн бодлого, арга хэмжээгээ эргэн харж, зоригтой, дорвитой шинэчлэл хийх цаг нь болсон. Энэхүү шинэчлэлийг хамтдаа хийе хэмээн олон түмэндээ уриалж байна.  

Ярилцсан Танд баярлалаа.